Шууд Chart

Төсвийн гүйцэтгэлийг байнгын хороо хэлэлцлээ

2014-06-27 15:32:39

Өнөөдөр Хууль зүйн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийн тайланг Сангийн сайд Ч.Улаан, тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад танилцуулсны дараа гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Хууль сахиулахын их сургуулийн барилгын ажлын талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль зүйн салбарын урсгал зардал хүрэлцэж байгаа эсэх, түүнийг танаснаар ямар бэрхшээл учирч байгааг тодруулсан.
 
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тайлбарласнаар, Хууль сахиулахын их сургуулийн барилгын ажил 2013 онд эхэлж маш эрчимтэй явж байсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод энэ онд ч ашиглалтад орох бололцоогүй болсон байна. Хууль зүйн салбарын урсгал зардал танагдахаар хууль сахиулж буй цагдаагийн ажилтнууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын машин бензингүй, цагдаагийн ажилтнууд, хил хамгаалагчдын хувцасны зардал байхгүй болдог хэмээн Хууль зүйн сайд хэлж байлаа.
 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, жилийн жилд төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ өнгөц хандаж ирлээ гээд төсвийн гүйцэтгэлд хяналт тавих нь тун чухал гэж онцлосон. Тэрбээр, Хуулийн байгууллагын урсгал зардлыг хамаагүй танаж болохгүй гэв. Байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болсон юм.
 
Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Улаан болон Үйлдвэр хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар тухайн салбарын сайдуудын багцын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн товч танилцуулгыг хийсэн.
 
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, А.Бакей нар төрийн зарим байгууллага ямар шалтгаанаар төсвөө хэтрүүлэн зарцуулсан талаар тодруулж хариулт авлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүд гараагүй тул Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн гүйцэтгэлийг байнгын хороо хэлэлцлээ  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй