Шууд Chart

МАН-ын бүлэг Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

2014-07-01 11:08:27

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж буй. Уг тогтоолын төслийг өмнөх хэлэлцүүлгийн шатанд Аудитын байгууллагаас төсөв ерөнхийлөн захирагчид хэрхэн хууль зөрчин данс нээсэн, мөн авто машин унах эрхгүй 222 албан тушаалтан бий болсон тухай, гадаад томилолтын зардал хэтэрсэн зэрэг олон зөрчил байгааг зарласан.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс эдийн засгийн тооцоо судалгаа, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг харгалзалгүй төлөвлөснөөс бодлогын алдаа гарч, төсвийн төлөвлөлт, ажлын зохион байгуулалтаа зохих түвшинд явуулж чадаагүй гэж үзсэн.

Үүний улмаас улс орны эдийн засаг хүндэрч, төсвийн орлого анх төлөвлөснөөс 1.3 их наяд төгрөгөөр тасарсан, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл урьд өмнө байгаагүй буюу 50 хувьтай гарсан, төсөв, санхүүтэй холбоотой хууль тогтоомж, журмыг ноцтой зөрчсөн олон алдаа гарсан хэмээн үзэж байгаа юм. Тиймээс  УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газарт 11 зүйл бүхий тулган шаардах саналыг хүргүүлж байгаа ажээ.
 
Уг шаардах бичигт:
 1.    Засгийн газар хэмнэлтийн горимд шилжин зарим чиг үүрэг нь давхардаж буй яамдыг татан буулгаж нэгтгэж, нийлүүлэх замаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 9 хүртэл байхаар цөөлөн холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-д нэн яаралтай өргөн барих;

2.    Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж байгаа “Чингис” болон “Самурай” бонд зарцуулалтыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн төсөвт тусгах арга хэмжээг яаралтай авах;

3.    Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн Үндэсний аудитын газрын тайлангаар илэрсэн зөрчил дутагдалд тавигдсан актуудын биелэлтийг хангаж буруутай албан тушаалтнуудтай хариуцлага тооцож, үр дүнг 2014 оны 10 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд танилцуулах.

4.    Засгийн газрын  2007 оны 349 дүгээр тогтоолд зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтны хэрэглэж байгаа автомашиныг борлуулж төсөвт орлого оруулах,

5.    Аудитын дүгнэлтэд 157 тэрбум төгрөгийн төсвийн зөрчил гаргасан 100 гаруй албан тушаалтантай хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаар Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд тайлагнах,

6.    Засгийн газрын тусгай сангийн зарцуулалтанд аудитын дүгнэлт гаргаж, 2014 оны 10 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд тайлагнах,

7.    Улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох,

8.    Улсын Их Хурлын Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоол болон Засгийн газрын Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгох,

9.    Ерөнхий сайдын зарцуулсан 50 тэрбум төгрөг, “Гудамж” төслийн 47 тэрбум төгрөг, Чингис бондын эргэн төлөгдөхгүй нөхцлөөр зарцуулж буй хөрөнгийн хэсэгт санхүүгийн гүйцэтгэлийн болон үр дүнгийн аудит хийлгэх,

10.    Улсын Их Хурлын 2012 оны 60 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн 28.8 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох,

11.    Санхүүгийн хяналтыг сулруулж, өр авлагыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох.
 
МАН-аас тулгаж байгаа эдгээр 11 шаардлагыг эс биелүүлбээс дараа дараагийн улс төрийн томоохон алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэдгээ ч мөн мэдэгдээд байгаа юм.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ын бүлэг Засгийн газарт шаардлага хүргүүлнэ   
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй