Шууд Chart

Холбогдох байнгын хороодод шилжүүлэв

2014-07-01 18:02:45

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн, зөөврийн компьютерын хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмжийг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн зарчмын санал, мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмжийг татвараас чөлөөлөх гэж төслийн нэгдүгээр зүйлийг өөрчлөн найруулах санал, түүнчлэн эдгээр хуулиудыг 2015 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс тус тус мөрдөх нь зүйтэй гэсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Баярцогт, Д.Дэмбэрэл нарын санал олонхын дэмжлэг авчээ.
 
Байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан дээрх саналуудыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр уг асуудлын анхны хэлэлцүүлэг дуусаж улмаар төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
 
Дараа нь УИХ-ын чуулганы хуралдаанд Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав. Хуулийн төслийн талаар Байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан саналын томьёллоор санал хурааж дуусгаснаар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
 
Чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар мөн Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
 
Ашигт малтмалын тухай хуульд, “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийжнөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыгэзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж зааснаар тус төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1031,2 сая ам.долларын 34 хувь болох 350,6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр 34 хувийн хувьцааг эзэмшихээр Улсын Их Хурлын энэ тогтоолын төслийг боловсруулжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Холбогдох байнгын хороодод шилжүүлэв  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй