Шууд Chart

Хаврын чуулганыг хаалаа

2014-07-02 09:09:36

УИХ-ын чуулган өчигдөр орой 22:00 цаг өнгөртөл хуралдаж, албан ёсоор хаврын нэгдсэн чуулганыг хаалаа.

Чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх, сонгох тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Хууль зүйн Байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг тус Байнгын хорооны даргаар сонгох санал тус тус дэмжигдсэн юм.

Мөн чуулганы хуралдаан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалгаж улмаар дээрх хууль, тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэн.
 
Үүний дараа УИХ-ын гишүүд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны саналаар эдгээр хуулийн төслийг батлах санал олонхийн дэмжлэг авсан юм.
 
Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдаан хэлэлцэх асуудлын хуваарийн дагуу Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх холбогдох Байнгын хороодын танилцуулгыг сонссоны дараа санал хураалгаж эдгээр төслийг бүхэлд нь баталлаа.
 
Харин хаалттай хуралдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулж, Төмөр замын царигийн талаар дахин нягтлаж, нэгдсэн байр суурьт хүрэх ёстой гэж үзсэн. Хаалттай хуралдааны үед шийдвэр гаргах бус харин төмөр замын асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхээр ярилцсан гэж зарим гишүүн хэлсэн юм.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хаврын чуулганыг хаалаа   
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй