![](/uploads/201407/news/thumb/100e080fdebb17c6f34fecacf6eddba9_x3.jpg)
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж долоодугаар сарын нэгний өдөр тус улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Дидиер Буркхалтерт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Элчин сайд В.Пүрэвдорж Ерөнхийлөгч Дидиер Буркхалтерт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол, Швейцарийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараагаар Ерөнхийлөгч Д.Буркхалтер Элчин сайд В.Пүрэвдорж нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд В.Пүрэвдорж хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи сүүлийн хагас зуун жилд, ялангуяа Монгол оронд ардчилсан өөрчлөлт шинэчлэл эхэлсэн үеэс хойш идэвхтэй хөгжиж ирсэнийг тэмдэглэв.
Мөн тэрээр хоёр талын харилцааны агуулга баяжиж Швейцарийн Засгийн газрын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болох ардчилсан тогтолцоог боловсронгуй болгох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжих, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр амжилттай хэрэгжиж байгаад талархалтай байдгаа хэлсэн юм.
Ерөнхийлөгч Д.Буркхалтер Элчин сайд В.Пүрэвдоржид баяр хүргэж ажлын амжилт хүсч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж буйг нь уламжлахыг хүсэв. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол оронд ардчиллын тогтолцоог бэхжүүлэхийн төлөө хийж буй алхам, санаачилгыг нь өндрөөр үнэлж байдгаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Д.Буркхалтер энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, мөн Монгол Улс дахь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож буйг дурдаж, хоёр талын улс төр, хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж буйд сэтгэл ханамжтай байгаагаа онцлохын хамт хамтын ажиллагааг эдийн засаг, худалдааны салбарт өргөжүүлэх нөөц бололцоо байгаа хэмээн үзэж байгаагаа тэмдэглэсэн юм.
Элчин сайд В.Пүрэвдорж Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив | ||
Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.