Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс гадаад улсад сургууль болон ажилд зуучлах, гадаад хэлний сургалт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын дүнд дараах зөрчлүүд илэрсэн байна.
1. Хяналт шалгалтад хамрагдсан нэр бүхий 26 аж ахуйн нэгжүүд Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.7 дахь заалтад гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж заасныг зөрчиж, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан, "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Дэлхийн төв цэг" ТББ, "Гомонгу" ХХК нь өөрийн оноосон нэрийг олон нийтэд өөрөөр зарлан, сурталчилж байсан зөрчил илэрсэн бөгөөд энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн, "Ворлд кореа" ХХК, "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Ай Эн И Си Эс" ХХК, "Ньювойс" ХХК, "Шинэ зууны гүүр" ХХК, "Ди эн Пи" ХХК, "Оазисканад" ХХК, "Гомонгу" ХХК, "Хэлп интернешнл" ХХК, "Гэгээн орчлон" ХХК, "Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци" ТББ, "Бодит алхам интернэйшнл ХХК, "Гэгээн ундарга холбоо" ТББ, "Ийзи Доор" ХХК, "Дэлхийн төв цэг" ТББ, "Ай эйч Си" ХХК нь зуучлалын үйлчилгээний төлбөрийг америк доллараар тооцож авч байгаа нь Төлбөр тоoцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1-т бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн зөрчил илэрсэн. Дээрх зөрчлүүдийг тогтоож, 2014.06.03-ны өдрийн 7/89 тоот дүгнэлт гаргасан бөгөөд зөрчлийг арилгуулахаар нэг сарын хугацаатай албан шаардлага хүргүүлж ажилласан байна.
2. Сантис боловсролын академи ХХК-д гомдол гаргасан 40 иргэний өргөдлийн дагуу хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг худал, зөрүүтэй мэдээлсэн, сургалтын төлбөрт нэмж оюутан тус бүрээс 310.000 төгрөг төлөхийг шаардсан үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно. 12.9-т бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно. Зар сурталчилгааны тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.2.3-т хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Сантис боловсролын академи ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, Б.Уранзаяа нарын 40 иргэнийг 12,400,000 төгрөгөөс чөлөөлүүлж, диплом олгуулж ажиллажээ.
Гадаадад сургуульд зуучилдаг төвүүд иргэдийг хохироодог нь тогтоогдов | ||
Үзсэн: 3085 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.