Шууд Chart

Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл иргэдийн асуултад хариуллаа

2014-07-02 13:52:27

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл өнөөдөр Засгийн газрын “11-11 төв”-д ажиллаж, иргэдийн асуултад хариуллаа.

Цахим ярилцлагын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах соёлын арга хэмжээний талаар танилцуулав. Үндэсний их баяр наадам нь Монгол үндэстэн оршин байгаагийн илэрхийлэл, монгол түмний бахархал болсон хүндэтгэлт их цэнгэл юм. Тийм ч учраас Засгийн газраас баяр наадмын  бэлтгэл ажилд онцгой анхаарч Шадар сайдаар ахлуулсан байнгын ажиллагаатай зохион байгуулах хороо ажилладаг. Эрийн гурван наадмаас гадна зохиогдох соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл хэллээ. Баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Монгол төрийн хүндэтгэлийн концерт, Улаанбаатарын үдэш их цэнгүүнээс гадна “Эх орноо хамтдаа дуулъя” сэдэвт урлагийн наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд өнгөрсөн жил 900 гаруй уран бүтээлч оролцож байсан бол энэ жил 4000 орчим хүн оролцож, Монгол Улсын  түүхийг үечлэн харуулсан урлагийн тоглолт бүхий нээлт хийхээр бэлтгэж байгаа аж.  
 
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлд хандаж иргэдээс ирүүлсэн асуултын дийлэнх нь аялал жуулчлалын салбартай холбоотой байлаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар аялал жуулчлалын салбарт цоо шинэ бодлого хэрэгжиж, 2017 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхнийг төр бодлогоор дэмжиж, эрх зүйн орчноо шинэчилж, жуулчдад зориулсан бүтээгдэхүүнийхээ агуулгыг баяжуулж, тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулж байж энэ зорилт хэрэгжинэ. Жилд сая жуулчин авдаг болсон үед нэг жуулчнаас 1000 доллар Монгол Улсад үлдэхэд нийт нэг тэрбум доллар улсын эдийн засагт шингэж үлдэнэ гэсэн тооцоо байна. Энэ нь одоогийн ноолуурын салбарын Монголд үлдээж байгаа мөнгөнөөс нэг дахин их, нүүрсний салбарын оруулж байгаатай дүйцэхүйц хэмжээний мөнгө гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга хэллээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл иргэдийн асуултад хариуллаа  
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй