Шууд Chart

З.Энхболд Өвөрмонголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014-07-07 10:41:03

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ноён Вань Зюнь хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа УИХ-ын даргад илэрхийлээд саахалт айлдаа зочлон хамтын ажиллагаагаа зузаатгахаар ирлээ хэмээн айлчлалын зорилгоо танилцуулсан юм. Мөн тэрбээр Монгол Улсын Их Хурал, Өвөрмонголын өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хамтын ажиллагаа цаашид ч өргөжинө хэмээн итгэж байгаагаа илэрхийлсэн.
 
УИХ-ын дарга З.Энхболд хоёр орны Их Хурлаас гадна хөрш аймгууд сайн харилцаатай байдгийг онцолсон. Тэрбээр Өвөрмонголын өөртөө засах орноос суралцах зүйл их байгаа хэмээгээд нүүрсний ордуудад түшиглэн байгуулсан нүүрс шингэрүүлэх төслүүд амжилттай явааг дурдсан юм. Бээжингээс дутахгүй шахам болоод буй Улаанбаатарын агаарын бохирдол, утаанаас салах арга зам нь нүүрс шингэрүүлэх төслийг хэрэгжүүлэх гээд энэ талаар Өвөрмонголын өөртөө засах орон өөрийн туршлагаа харамгүй хуваалцана гэж найдаж байна гэж хэллээ.
 
Түүнчлэн зам тээврийн салбар нь Монгол Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх салбар болоод байгааг УИХ-ын дарга яриандаа дурдаад Замын-Үүдэд явагдаж буй бүтээн байгуулалтын ажил хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд ахиц авчирна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
 
УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар аймаг, Өвөрмонголын Шилийн гол аймаг хамтран Сүхбаатар аймагт унадаг дугуйн угсрах үйлдвэр барих талаар яригдаж байсныг дурдаад аймгуудын хамтын ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж байгаа хэмээлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

З.Энхболд Өвөрмонголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй