![](/uploads/201407/news/thumb/e18014e50597e6fb209b183bbd0f33db_x3.jpg)
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 140 удаагийн дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 103 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 37 дуудлага байна.
Зам тээврийн болон ахуйн осолд өртсөн 49 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, болзошгүй гамшгийн аюулаас 59 хүний амь бие, 73 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.
Зургаадугаар сарын 13-ны өдрөөс долоодугаар сарын гуравны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 35013 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 21 хоногтой харьцуулахад 3085 нэгж буюу 8.5 хувиар, 943 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 135 нэгж буюу -12.5 хувиар буурсан байна.
Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 118 хүний амь нас барсныг шалтгаан нөхцөлөөр нь авч үзвэл 74 буюу 62.7 хувь нь өвчний улмаас, 11 буюу 9.3 хувь нь боомилж, гурав буюу 2.5 хувь нь өндөрөөс унаж, хоёр буюу 1.6 хувь нь туул голд живж, тогонд цохиулж, архинд хордож, карерийн тогтоол усанд живж, шатнаас унаж, түлэгдэж, 22 буюу 18.6 хувь нь ил харагдах шарх сорвигүй нас барсан байна.
Нийслэлийн Засаг даргын А/448 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 239 зочид, дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд нийт 21 зочид, дэн буудлын үйл ажиллагааг зогсоож, 2 дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүлж , мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардах хуудас 15, зөрчил арилгуулах талаар 70 албан мэдэгдэл өгч , зөрчил гаргасан зургаан аж ахуйн нэгж байгууллага, хоёр иргэнийг Төрийн хянан шалгалтын тухай хуулийн 16.1.2, Захиргааны хяналтын тухай хуулийн 42.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16.1.7-дах заалтыг тус тус үндэслэн 1.542.,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн нийслэлийн Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст зам тээврийн ослын нийт 651 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 250, осол, зөрчлийн шинжтэй 401 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон зургаан хэрэг бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлэлт өнгөрсөн оны мөн үес 17.2 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дээрх мэдээлэлтэй холбогдуулан зарим чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өглөө. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд усархаг бороотой байгаа тул үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, үерт өртөж болзошгүй айлуудад анхааруулга хүргүүлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газарт даалгалаа. Мөн Улаанбаатар хотыг зорин ирж буй жуулчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газарт үүрэг болголоо.
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг өглөө | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.