Шууд Chart

Сонгинохайрхан дүүрэгт гахайн халдварт өвчин гарчээ

2014-07-07 11:38:54

Өнгөрөгч зургаадугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо “Нью-кроп” ХХК-ийн гахайн аж ахуйн гахайнд халдварт өвчний сэжиг илэрсэн байна. 

Өвчний сэжиг илэрсэн даруйд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори шинжилгээ хийсэн бөгөөд долоодугаар сарын нэгний өдрийн лабораторийн шинжилгээний хариугаар “Гахайн сонгомол мялзан”, “Гахайн үржил амьсгалын замын хам шинж” гэх хоёр төрлийн гоц халдварт өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. 
 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс гурван удаа хуралдсан байна. Мөн уг нөхцөл байдалтай холбогдуулан СХД-ийн Засаг даргын долоодугаар сарын хоёрны өдөр захирамж гаргаж тус гахайн аж ахуйд хорио цээрийн дэглэм тогтоожээ.
 
Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт гахай тэжээдэг 218 гахайн аж ахуй, иргэдэд дүүргүүдийн Мал эмнэлгээр дамжуулан анхааруулга, сэрэмжлүүлэг өгч мал эмнэлгийн үзлэг тандалтыг хийж байгаа аж. Мөн долоодугаар сарын гуравны өдөр “гахайн мялзан” өвчтэй 451 толгой торойг өвчинтэй тэмцэх зааврын дагуу устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Үлдсэн 541 толгой гахайнаас шинжилгээ авахад Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ.

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөний үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд "Өвчилсөн гахайг утсгахад шаардагдах 21 сая төгрөгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа” гэдгийг хэллээ. Харин Нийслэлийн Засаг дарга баяр наадмаас өмнө устгах ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах үүргийг холбогдох хүмүүст өгч шаардлагатай хөрөнгийг гаргахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэгдлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонгинохайрхан дүүрэгт гахайн халдварт өвчин гарчээ   
Үзсэн: 1982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй