Шууд Chart

А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга боллоо

2014-07-07 12:34:27

Өнгөрсөн хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар "Үндэсний их баяр наадмын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, “далай аварга” цолыг хассан.

Ингэснээр даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр дархан аварга цол хүртэхээр болсон юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол, тэмдгийг нь олголоо.
 
 Энэ үеэр шинэхэн дархан аваргуудаас сэтгэгдлийг нь сонссон юм.
 

 

А.Сүхбат: Дархан аварга цолны болзлыг 2004 онд хангасан

-Дархан аварга цол хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Та улсын наадамд хэд түрүүлсэн бэ?
-Дархан аварга цол хүртсэндээ баяртай байна. Би улсын баяр наадамдаа гурван удаа түрүүлж, ойн жилийн 10 даваатай наадамд түрүүлж дархан аварга цолны болзлыг 2004 онд хангасан байдаг. Энэ жил төр засаг, ард түмэн маань амжилтыг маань батлаж дархан аварга цол олгож байгаад туйлын их баяртай байна. Монгол бөхийн хөгжлийн төлөө хичээн зүтгэнэ ээ.
 
-Энэ жилийн наадамд зодоглох уу?
-Би барилдаагүй 10-аад жил болсон байна. Хамгийн сайн багш бол өөрөө мэх, техникээ биетээр үзүүлж чаддаг багшийг хэлдэг юм гэсэн. Миний хувьд бэлтгэл сайн байгаа, шавь нартайгаа байнга барилдаж байгаа. Биеэ сайн авч яваа. Нийт ард түмэндээ баяр, наадамдаа одтой сайхан наадаарай гэж хэлье.
 
 
Г.Өсөхбаяр: Дархан аварга цол монгол бөх хүн болгоны мөрөөдөж байдаг эрхэм дээд цол
 
-Дархан аварга гэх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баяртай байна. Монголын ард түмний мянган жилийн түүхтэй үндэсний их өв, соёл болсон, монгол түмний бахархал болж байгаа Монголын үндэсний бөхийн эрхэм дээд цолыг хүртсэндээ баяртай байна. Дархан аварга цол монгол бөх хүн болгоны мөрөөдөж байдаг эрхэм дээд цол. Улсын Их Хурлаар баяр наадмын хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар энэ цолыг хүртэж байна. Сэтгэл өндөр байна. Монгол түмэндээ удахгүй болох баярын мэнд дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаарай. Дархан аварга цолоо хадгалж, хамгаалж, нэр төртэй, ёс зүйтэй, жудагтай, монгол бөхийнхөө залуучуудад үлгэр дууриалал болж, монгол бөхийн хөгжлийн төлөө өөрийн чадах бүхнээ хийж явах болно.
 
-Энэ жил наадамд зодоглох уу. Бэлтгэл хэр байна?
-Бэлтгэл сайн байгаа. Манай бөхийн гал хотоос ойрхон амралтын газар байрлаж байна.
 
 

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга боллоо   
Үзсэн: 4584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй