Шууд Chart

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

2014-07-07 13:44:22

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар манай улсад  албан ёсны айлчлал хийж байгаа ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайерыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа.

Холбооны Засгийн газрын гишүүн ийнхүү айлчилж байгаа нь Холбооны шинэ Засгийн газар Монгол Улстай харилцах харилцаандаа ач холбогдол өгч буйн илэрхийлэл хэмээн үзэж буйгаа илэрхийлж, Европ дахь гол түнш орон ХНБГУ-тай харилцах харилцаа, хамтын ажиллагаандаа Монгол Улс ач холбогдол өгдгийг Ерөнхий сайд онцоллоо. “Улс төр, соёл боловсролын уламжлалт, найрсаг харилцаатай манай хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон боломж бий. Тэр дундаа уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хоёр тал идэвхтэй хамтран ажиллахыг дэмжинэ. Манай улс жижиг зах зээлтэй ч бэлчээрийн мал аж ахуй, бордоогүй газар тариаланд түшиглэсэн өндөр чанартай био бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ХБНГУ-тай хамтран ажиллахад бэлэн байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
 
Тус улстай идэвхтэй өргөжүүлж буй аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Германы иргэд Монгол Улсад визгүй зорчиж, хоёр улсын хооронд агаарын тээврийн үйлчилгээ тогтмолжсон. 2015 оны 3 дугаар сард Берлин хотноо болох олон улсын аялал жуулчлалын “ITB-2015” үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохдоо өв соёлоо харуулсан олон үзүүлбэртэй очно. Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороо байгуулагдан, үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг зохион байгуулж байна гэж дурьдаад, үзэсгэлэнг хамтран зохион байгуулахтай холбоотой асуудлуудаар Германы талаас дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.
 
ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийх айлчлал 18 жилийн дараа давтагдаж байна. Айлчлалын давтамжийг ойртуулах, өнөөгийн түвшинд амжилттай хөгжиж буй соёл, шинжлэх ухаан, археологийн салбарын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн салбарт харилцаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байна гэж ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер тэмдэглэлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй