Шууд Chart

УИХ-ын дарга Францын Үндэсний Ассамблейн гишүүн Жером Шартьег хүлээн авч уулзлаа

2014-07-08 16:44:32

УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартье тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд, ноён Жером Шартьетэй дахин уулзаж буйдаа баяртай байна гээд хоёр улсын хооронд улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж, ялангуяа парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
 
Мөн тэрбээр, БНФУ-ын Үндэсний Хурлын дарга ноён К.Бартолонд миний мэндийг уламжлахыг хүсэж байна гээд ноён Шартьег Үндэсний Их хурал дахь Франц Монголын найрамдлын бүлгийн даргаар сүүлийн 13 жил ажиллаж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Францын улс төр, бизнес эрхлэгчдийн хүрээнд Монгол Улсыг улам ойртуулан таниулахад идэвх зүтгэл гарган ажиллаж байгаад талархлаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын хамгийн том Усан цахилгаан станц болох “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн зөвлөх компаниар “ЖДФ Суэц”-ын охин компани “Трактабэл” компани шалгаран ТЭЗҮ-ийг хийж буй. Энэхүү УЦС нь бидний импортоор авдаг цахилгааны хэрэглээг орлох чухал станц болох юм гэдгийг онцлов.
 
Ноён Жером Шартье Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой дахин уулзаж байгаадаа баяртай байгаа тухайгаа хэлээд Францын Үндэсний Ассамблей дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монгол Улсад анх удаа айлчилж байна. Энэ нь Үндэсний Ассамблейн хувьд маш чухал айлчлал болж буй хэмээн онцлон тэмдэглээд найрамдлын бүлгийн зорилго үйл ажиллагаа болон Монгол Улсад нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах зорилготой байгуулагдсан сангийн тухай Их Хурлын даргад танилцуулав.
 
Түүнчлэн 2016 онд Парис хотод Монголын тухай үзэсгэлэн зохион байгуулах бодолтой байгаа. Энэ үзэсгэлэнгээр Монголын эртний болоод орчин үеийн урлагийн хөгжлийн чиг хандлагыг харуулах зорилготой. Мөн ирэх 2015 онд Монгол Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Энэ үеэр Франц Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахыг хүсч байна. Энэ айлчлалыг зохион байгуулахад бид боломж бололцоогоороо зүтгэх болно гэдгээ илэрхийлэв.
 
Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартьег хоёр улсын нийгэм эдийн засгийн харилцаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар алтан гадас одонгоор шагнасныг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд гардуулж өгсөн юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын дарга Францын Үндэсний Ассамблейн гишүүн Жером Шартьег хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй