Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2014-07-09 15:43:19

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар үндсэн хэд хэдэн асуудлуудыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан /сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Хэлэлцээрийн дагуу дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой болжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Батцогт, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Р.Бурмаа, С.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Ш.Түвдэндорж, Б.Чойжилсүрэн, Л.Эрдэнэчимэг нарын санаачлан боловсруулсан “Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыг дэмжих тухай” хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцээд, дэмжих боломжгүй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар шийдвэрлэлээ. Шинэчлэлийн Засгийн газар нийгмийн хавтгайрсан халамжаас татгалзаж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн амьжиргааг дэмжих бодлого баримталж байгаа. Гэтэл дээрх хуулийн төсөлд амьжиргааны түвшнээс үл хамааран Монгол Улсын нийт хүн амын 27 хувьд тусламж, дэмжлэг олгож, нийгмийн хавтгайрсан халамж түгээхээр байна. Энэ нь нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх шинэчлэлийн бодлоготой нийцэхгүйн зэрэгцээ иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг нэмж хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулах сөрөг талтай гэж Засгийн газар үзжээ.
 
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, А.Бакей нарын санаачлан боловсруулсан Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй