Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай, өдөртөө ихэнх нутгаар дулаан байна.
2023 оны гуравдугаар сарын 06-ны 20 цагаас
2023 оны гуравдугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
2023 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8, 11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр дулаан байх боловч 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн | ||
Үзсэн: 541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.