Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2023-04-13 15:13:58

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтийн баруун, Сүхбаатарын баруун болон өмнөд, Дорноговийн хойд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Дорноговийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна.


2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны 20 цагаас
2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний 20 цаг
хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр,  шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно.  Өдөртөө үүл багасна.  Хур тунадас орохгүй. Салхи  баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө +3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.


2023 оны дөрөвдүгээр сарын 15-наас
2023 оны дөрөвдүгээр сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн  аймгуудын  нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-наас ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр сэрүүснэ.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй