Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-08-09 07:34:23

Энэ 7 хоногт улс оронд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.  Шинэ 7 хоног Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төслийн зүгээс II  богд Лувсандамбийдонмэгийн мэндэлсний 290 жилийн ойг тохиолдуулан Монголын анхны шашин төрийг хослон баригч, Монголын бурханы шашныг үндэслэгч Богд Жавзандамба хутагтын өргөөний шавыг тавих ёслолоор эхэллээ. Энэ өдөр Майдар эко сити төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа, бэсрэг наадмыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь “Их майдар” төслийн бүтээн байгуулалтын талбайд зохион байгуулсан юм.  
 
Монгол Улс-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтсоны 65 жилийн ой, “Монгол Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар БНХАУ-ын Ляонин мужийн Ардын Гадаадтай Найрамдлаар Харилцах Нийгэмлэгийн даргаар ахлуулсан 100 хүүхэд манай улсад зочиллоо. 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 21 орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарлаа. Үүнд БГД-ийн 20 дугаар хорооны 30 дугаар байр, ХУД-ийн  Нэхмэлийн   1, 2, 3, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 16, 17, 18 дугаар байр, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн    4, 8, 9, 15, 19 дүгээр байр,  Арьс ширний 25, 26 дугаар байрны барилгуудыг дахин төлөвлөж, барилгажуулахаар заасан байна. Ингэхдээ  орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүллээ.
 
Иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч буй ажил энэ 7 хоногийн халуун сэдвийн нэг байлаа. Газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэнээс хойш  буюу энэ сарын 01-ний өдрийн 16 цагийн байдлаар газар өмчлөлийн цахим хуудас руу нийт  4 519 586 удаагийн хандалт хийж 17 654 иргэн бүртгүүлсэн байсан.  Ингэж ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан   нийслэлээс хөрөнгө гаргаж энэ сарын 4-нд серверийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэ серверийн бүх систем, өгөгдлийн сан, тохиргоонуудыг шинээр серверт суулган, тохируулсан байна.  Ингэснээр нэг хоромд 8000-10 000 иргэн нэгэн зэрэг хандах боломжтой болжээ.  Энэ нь өдөрт дунджаар 5 сая удаагийн хандалт хийхэд ямар нэг хүндрэл гарахгүй гэсэн үг. Бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд амжиж бүртгүүлсэн иргэд газар өмчлөх сонгон шалгаруулалтад оролцох боломжтой юм. 

Төрийн тусгай хамгаалалттай газар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус газар Монгол Улсын төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон албан тушаалтангуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор зохион байгуулж байгаа Төрийн тусгай хамгаалалтын үйл явц, түүнд оролцож байгаа хүч хэрэгсэл, арга тактик нь төрийн нууцын зэрэглэлд хамаарагддаг. Гэтэл өнгөрсөн сарын 31-ний өдөр Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэгт хамаарагддаг Монгол Улсын Ерөнхий сайдыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үеийн төрийн тусгай хамгаалалтын үйл явцыг АТГ-ын ажилтнууд бичлэгээр баримтжуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсантай холбогдуулж мэдэгдэл гаргав. Ингэхдээ “Ерөнхий сайдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон нь зөв буруу эсэх талаар бид ярихгүй, манайд хамааралтай асуудал биш. Тэнд Ерөнхий сайд очих үед зохион байгуулагдсан Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг нууц байх хэсгийг л задруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар хандаж байна" гэсэн юм.

News.mn, gogo.mn вэбсайтууд цахим халдлагад өртсөн нь нийгэмд ихээхэн шуугиан дэгдээв. Үүний дараа өдөр Дата төвийн сервэрт байршилтай вэбсайтуудын үйл ажиллагаа тасалдаж, хэрэглэгчид хэдэн цагийн туршид мэдээ мэдээлэл авч чадаагүй. Үүний учир нь “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ний кабель тасарснаас үүдэлтэй байсан юм. Энэ талаар Үндэсний Дата Төвийн дарга З.Энхболд мэдэгдэл гаргаж, хэрэглэгчдээс хүлцэл өчлөө.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч НИТХ-ын тэргүүлэгчдэд журмын төсөл өргөн барьсан. Энд Улаанбаатар хотын төв замаар зорчсон машинтай иргэд сард 40-50 мянган төгрөгийн татварыг хотын захиргаанд төлнө. Үүнд Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, “Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд хамрагдах аж. Харин төлбөр төлөөгүй жолоочийг 07:00-22:00 цагийн хооронд дээрх замуудаар явахыг хориглох бөгөөд энэхүү журам нь аймаг орон нутгийн болон хилийн цэргийн, хилийн цэргийн тээврийн хэрэгслийн дугаар бүхий тээврийн хэрэгсэлд ч мөн адил хамаарах гэнэ.  Ингэснээр хотын төвийн замын түгжрэл багасна гэж үзэж байгаа бөгөөд энэ асуудлыг ирэх Лхагва гарагт хэлэлцэх юм.

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн бие бүрэлдэхүүн Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд боллоо. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн захирагчаар ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, Мотобуудлагын батальоны захирагч, дэд хурандаа М.Батчулуун томилогджээ.
 
Манай улс 2012 оноос энэхүү ажиллагаанд оролцож эхэлсэн төдийгүй ийнхүү 850 хүний бүрэлдэхүүнтэй дөрөв дэх ээлжийн батальонаа илгээхээр бэлтгэл сургуулилтаа хангаад байна.  Энэ удаагийн ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс гадна онцгой байдал, хил хамгаалах, цагдаа гээд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл мөн орсон байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар V цахилгаан станцын газрын асуудлыг хэлэлцлээ. Тавдугаар цахилгаан станцыг Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын замын 8,0 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргалаа.

Мөн  тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын зүүн талбайд 14,0 га газрыг Эрчим хүчний яаманд гурван жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.

 Засгийн газрын 42 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар   Барилгын салбарын зарим чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэх, Булганы Хутаг-Өндөрт болсон Засгийн газрын хуралдааны мөрөөр ажлын төлөвлөгөө гаргах, “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр батлах, Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалын дүнг хэлэлцэх,  “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журамд өөрчлөлт оруулах болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
 Монголын эрэгтэйчүүдийн холбоо” 2005 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 08-ны өдрийг Монголын Аавуудын баяр болгон тэмдэглэж байна.  Тэмдэглэлт энэ өдөр Баасан гарагт тохиолоо. 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон усархаг бороо орж гол, мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж байна. Иймээс  ард иргэд сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас сэрэмжлэхийг холбогдох газруудаас анхааруулж байна.

Нийтэлсэн: Б.Баярт

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 3541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2014-08-09 15:53
ZariinSan.com

Бидэнтэй нэгдээрэй