Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 10-нд АСЕАН–ы Бүсийн чуулга уулзалтад оролцох үеэрээ БНХАУ–ын Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ–ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов нартай албан ёсоор уулзан хоёр талын болон гурван талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хөрш орнуудын сайд нартай хийсэн уулзалтын гол сэдэв нь ирэх өдрүүдэд Монгол Улсад хийх БНХАУ–ын Дарга Си Зиньпиний төрийн айлчлал, ОХУ–ын Ерөнхийлөгч В.В.Путины ажлын айлчлалуудын бэлтгэлийг хангах асуудал байв. Гадаад харилцааны сайд нар төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр хэлэлцэн шийдвэрлэгдэх ёстой асуудлууд, байгуулагдах баримт бичгүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож зарим асуудлаар нэгдсэн ойлголтод хүрлээ.
Сайд Л.Болд эдгээр айлчлалын ач холбогдол, үр дүнг хамгийн өндөр түвшинд хүргэх, Монгол Улсын хөгжилд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын баримталж буй бодлогыг илэрхийлэхийн зэрэгцээ ирэх сард анх удаа гурван улсын төрийн тэргүүний нэгдсэн уулзалт зохион байгуулах асуудлаар манай талын байр суурийг тодотгов.
Түүнчлэн энэхүү чуулга уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд бусад улсын Гадаад харилцааны сайд нартай хоёр талын уулзалтууд хийлээ. Тодруулбал хоёр хөршөөс гадна Австрали, Япон, БНСУ, БНАСАУ, Сингапур, Тайланд зэрэг орны Гадаад харилцааны сайд нар, зарим Гадаад харилцааны дэд сайд тэргүүлсэн 11 орны төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийжээ.
Мөн тэрээр чуулганы үеэр АНУ–ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Европын комиссын Дэд ерөнхийлөгч бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кетрин Аштон нартай уулзаж ярилцлаа.
Эдгээр уулзалтын үеэр манай тал хоёр талын болон олон улсын түвшин дэх хамтын ажиллагааны талаар санал солилцохын хамт Монгол улсын гадаад бодлогын голлох зорилтууд, АСЕАН–ы яриа хэлэлцээний түнш орон болох, АПЕК–т элсэх асуудлуудаар бусад улсын санал дэмжлэгийг авч баталгаажуулах талаар хөндөн ярилцлаа.
Гадаад харилцааны сайд нартай уулзлаа | ||
Үзсэн: 1063 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.