Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Төв аймагт ажиллаж, Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 1000 айлын орон сууц хөтөлбөрийн явц, тус аймаг дахь инженерийн шугам сүлжээ зэрэг төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудтай танилцлаа. Түүнчлэн "Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрт хамрагдсан Лүн суманд хийгдэж буй ажил, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Бүрэн сум, Зуунмод хотын Зүүндэлгэр багт хэрэгжиж байгаа цэвэр бохир усны шугамын ажлын талаар мэдээлэл авлаа.
Төвийн бүсийн тулгуур төв, Төв аймгийн Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг "Хот төлөвлөлтийн хүрээлэн" ХХК, Герман Улсын "RSAA" компанитай хамтран боловсруулжээ. Төв аймгийн хөгжлийн гарц хамтын ажиллагааг Шинэ Зуунмод хот, Шинэ нисэх буудлын төсөл, Эх газрын боомт, эдийн засгийн нээлттэй бүс, Майдар эко сити, Улаанбаатар дагуул хот гэдэг байдлаар тодорхойлж байгаа аж.
Төв аймагт 1000 айлын орон сууц хөтөлбөр эхэлж, барилга, угсралтын "Бүти" компани 980 айлын орон сууцны хороолол барьж эхэлжээ. Үйлчилгээ, нийгэм ахуйн барилга бүхий цогц хорооллын үнийг гүйцэтгэгч компани орон нутагтай тохирсоны үндсэн дээр тогтоох бөгөөд үнийг нэг сая төгрөг дотор тогтоох боломжтой талаар салбарын сайддаа танилцууллаа. "1000 айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжих газрыг чөлөөлж, жил гаруйханы дотор эхний 100 айлын орон сууцыг барьжээ.
Төв аймгийн хувьд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна. Улаанбаатар хоттой ойролцоо байршилтай ч төсвийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрийн санхүүжилт орхигдож унтаа байдалд байсан аймагт ажил өрнөж байгаад Ц.Баярсайхан сайд орон нутгийн удирдлагуудад талархав. Барилга, хот байгуулалтын сайдын дэмжлэгтэйгээр дээрхи ажлууд хийх бололцоо бүрдсэн гэж Төв аймгийн удирдлагууд хэлж байлаа.
Ц.Баярсайхан сайд Төв аймагт ажиллалаа | ||
Үзсэн: 1214 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.