“Монос эх нялхас” эмийн сангаас “Фенобарбитал” эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг хэрэглэгчдэд том хүний тунгаар андууран өгч мэргэжлийн ноцтой алдаа гаргасан хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон.
Тухайн өдөр эмийн хордлогонд орсон нэг нярай ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирсэн бөгөөд эмчлэгч эмч А нь нэн даруй тухайн эмийг худалдаж авсан “Монос эх нялхас” эмийн сантай холбогдсон байна. Тэрээр уг эмийг өндөр тунгаар авсан өөр ийм тохиолдол байгаа эсэхийг нягталж, эм худалдан авсан 23 хүн байгааг тогтоосон бөгөөд улмаар тус эмийн сангийн ажилтнуудын тусламжтайгаар эм худалдан авсан хүмүүстэй холбогдож яаралтай ЭХЭМҮТ-д ирж, хяналтад орохыг зөвлөсөн байдаг. Үүний дагуу “Фенобарбитал” эмийг хэрэглэж эхэлсэн 16 хүүхдийг энэ сарын есний өдөр ЭХЭМҮТ-д тусгай тасаг гарган хэвтүүлж, хяналтад авжээ. Харин үлдсэн долоон хүүхэд нь тус эмийг хараахан хэрэглэж эхлээгүй байсан тул эмнэлэгт ирэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Уг нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 11-ний өдөр Эрүүл мэндинй сайдын тушаалаар ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдэд мэргэжил аргазүйн тусламж үзүүлэх, эмийн зохисгүй хэрэглээнээс гарч болох эрсдлээс ард иргэдээ хамгаалах арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан.
Тус ажлын хэсэг эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн биеийн байдлыг байнгын хяналтад байлгаж, тусламж, үйлчилгээний тасралгүй бэлэн байдлыг ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөөг шуурхай өгч ажиллахыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд үүрэг болгосон байна. Мөн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг асуудалтай холбоотой гарсан алдаа, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өгчээ.
Ажлын хэсгийн ахлагч эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ЭХЭМҮТ-д очиж, эмэнд хордсоны улмаас эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдалтай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй нь уулзсан байна.
Ингээд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, хүүхдүүдийн биеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудлаар хэлэлцжээ. Мөн дэд сайд Ж.Амарсанаа ийм алдааг дахин давтахгүй байхыг анхааруулж, уг алдаанаас сэргийлэхийн тулд цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө гаргахаар болжээ.
Хордсон хүүхдүүдэд тусламж үзүүлэх ажлын хэсэг ажиллаж байна | ||
Үзсэн: 1653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.