Шууд Chart

А.Гансүх сайд Богд уулын арын замын ажилтай танилцлаа

2014-08-15 15:01:34

Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл тавьж буй авто замын барилгын ажлын явцтай танилцлаа.  

Уг замыг “Эсто” ХХК 2012 оны зургаадугаар сараас эхлэн барьж буй бөгөөд замын нийт урт нь 17.1 км ажээ. Хөгжлийн банкны санхүүжилтээр  24 тэрбум гаруй төгрөгөөр баригдаж буй энэхүү зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын түгжрэлийг 20-30 хувиар бууруулах юм байна.  Нийтдээ 70 цэгт төмөр бетон хоолой, хоёр гүүр бүхий уг замын газар шорооны ажил хамгийн хүнд хэцүү байсныг “Эсто” ХХК-ийн ажилчид хэллээ. Зайсан толгойгоос баруун тийш Яармагийн гүүр хүртэл уул, хад чулуу сэтлэн барьсан замд одоо туузан болон бетон хашлагыг хийх аж. Одоогоор зургаан км замын туузан хашлагын хөрөнгийг шийдсэн, үлдсэн найман км замд хийх туузан хашлагын хөрөнгийг Хөгжлийн банкнаас хүсч байгаа ажээ.
 
Зам, тээврийн сайд А.Гансүх болон Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар замын ажлын гүйцэтгэлтэй танилцан, гэрээт хугацаандаа буюу ирэх сарын нэгэн гэхэд замыг ашиглалтад өгөхийн тулд хичээж ажиллахыг даалгалаа.  Мөн салбарын сайд Богд уулын арын замыг огцом эргэлтүүд олонтой, өвлийн улиралд халтиргаа гулгаа ихтэй, уул, сэтэлсэн уул, хад чулуу үер усанд нурах аюултай тул хамгаалалт бэхэлгээ, замын тэмдэг тэмдэглэгээг маш сайн хийх хэрэгтэй гэдгийг хэлсэн юм. 
Нийтэлсэн: О.Энхмаа

А.Гансүх сайд Богд уулын арын замын ажилтай танилцлаа  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй