![](/uploads/201307/news/thumb/96cbc878d90853ff3e78f4d1950648cc_x3.jpg)
Монголчууд бид хүнээсээ олон хөшөөтэй болох нь уу гэмээр сэтгэгдэл төрүүлсэн наадмуудын хөл үймээн түрхэн намдаж байна. Энэ жил тэгш ой нь тохиож буй Завхан, Төв, Архангай, Хэнтий аймгууд 23-28-ны өдрүүдэд наадамлаж, их хотын замын түгжрэл хүртэл эрс багассан тооцоо гарсан.
Харамсалтай нь элгэн садан, нутаг усаа хэмээн энэ тэндээс зорин очсон зарим наадамчдын сэтгэл дундуурхан буцахад хүрсэн байна. Учир нь аймгуудын ойн баярын хөтөлбөр бүрт хөшөөт дурсгал нээх ёслолын ажиллагаа 1-3 байсан төдийгүй, үзэсгэлэнгийн нээлт, уулын бурхдыг аравнайлах, гал тахих, хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх гэх мэтээр жирийн наадамчин олны хувьд нэг их чухал бус зүйлсүүд олноороо багтсан байлаа.
Мэдээж нутаг усныхаа үүх түүх хийгээд уламжлал соёлыг эрхэмлэн дээдлэх нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч “хүнийхээ тооноос олон хөшөө босголоо доо” хэмээлдэх наадамчдын тохууцлаар баяраа өндөрлүүлэх шаардлага байсан юм болов уу даа.
Яг үнэндээ аймаг бүр 1-3 хөшөө босгож, дамжин өнгөрөх шинэ хаалга хийлээ гээд ард олны амьдралд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тодруулбал Архангайчууд Зая Гэгээнтэний "ГҮДЭН" залж, Хүндэтгэлийн Цогцолбор нээх хийгээд хан Хэнтийчүүдийн сүр дуулиант олон азарганы хөшөө хойшид эзэнгүй мэт элийрэн үлдэнэ.
Хэдийгээр эдгээр олон хөшөөний ихэнх нь хандив тусламжаар босгогдсон гэгдэж байгаа ч нэг хөшөө босгох зардал доод тал нь 20 сая төгрөг зарцуулагдсан гэсэн мэдээллээр бол нийтдээ нилээдгүй өндөр өртөгөөр сүндэрлэсэн тооцолол гарна.
Энэ мэт хөшөө тойрсон шуугиан байсхийгээд л босоод ирдэг нь хачирхалтай.
Нэгэн үес Баянзүрх дүүргийн засаг дарга асан Н.Батзоригийг 750 сая төгрөгөөр олон нохойны хөшөө босгосон гэх муу нэр сүүдэр шиг дагасан. Тус дүүргийн дахин сонгуулийн өмнөхөн УИХ-ын дарга З.Энхболд нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа энэ талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, “328 сая төгрөгөөр 120 хүүхдийн цэцэрлэг байгуулах боломжтой хэмээн ярьдаг Н.Батзориг хэлснээсээ төө зөрдөг хүн дээ” хэмээн даапаалаад авсан удаатай.
Тэр явдлын дараахан нэг намын хоёр буюу Н.Батзоригийн өрсөлдөгч Д.Арвин гишүүн УИХ-ын дахин сонгуульд ялалт байгуулангуутаа АН-д элсэн бүр ч том шуугиан тарьсан. Ийнхүү “Мэх мэхэндээ” гэгчээр үрэлгэн хөшөөчний тухай яриа эцэстээ намдаа нэгэн шинэ гишүүн нэмэх гэсэн З.Энхболд даргын “ганган тангараа” байсныг хэзээ хойно ойлгох жишээтэй.
Өөрөөр хэлбэл удирдах албан тушаалтнууд хөшөө босгохоор үхэн хатан зүтгэснээр өөрөө түүндээ эргээд унадаг, аюулын дүр зураг эндээс харагдана. Нэг их ажил амжуулсан төрхийг одоо лав монголчууд хөшөө дурсгалаас олж харахаасаа нэгэнт өнгөрсөн.
Хөшөөчин дарга нарын үрэлгэн баяр наадам төсвийн хэдэн зуун сая төгрөгийг нэг иймэрхүү зүйлд зарцуулснаар өндөрлөлөө.
Өнгөрсөн хугацаанд Хөшөө босгох-итгэл төрүүлэх хоёр нэг утгаар ойлгогддог байсан хэдий ч цаг үеийн жамаар урвуу утгаар солигдон, хөшөө босгохын дон шүглэсэн дарга нарт ард иргэдийн итгэл суларсаар буй...
Хөшөөчин дарга нарын үрэлгэн баяр наадам | ||
Үзсэн: 2852 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.