![](/uploads/201408/news/thumb/c17e0a92997104e8975f71b803333763_x3.jpg)
Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Монос Улаанбаатар" ХХК-ийн харьяа эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
Уг шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Монос-5 шар эмийн сан, Монос-Хархорин эмийн сан, Монос-Мөнхжин эмийн сан, Монос-Дээд сургууль дахь эмийн сан Баянгол дүүргийн нутагт байрлах Монос-25 эмийн сан, Монос-3 эмийн сан, Монос-Энхжин эмийн сан, Монос-Магда эмийн сан, Монос-Төмөр зам эмийн сан, Монос-Макс эмийн сан, Хан-Уул дүүргийн нутагт байрлах Монос-Оргил эмийн сан, Баянзүрх дүүргийн нутагт байрлах Монос-13 эмийн сан, Монос-Сансар эмийн сан, Монос-Баян Монгол эмийн сан, Монос-Ботаник эмийн сан, Монос-16 эмийн сан, Монос Офицер эмийн сан, Чингэлтэй дүүргийн Монос-37 эмийн сан, Монос-Төв эмийн сан, Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Монос-11 эмийн сан, Монос-Метромалл эмийн сан, Монос-Далай гэсэн эмийн сангууд хамрагдсан байна.
Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд:
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Монос Улаанбаатар ХХК-ийн харьяа 23 салбар эмийн сангуудыг уг хяналт шалгалтад хамруулан шалгажээ. Нийтлэгээр дээрх эмийн сангуудад стандартын шаардлага хангаагүй эмийн жороор үйлчлэх, эмийн сангуудад худалдаалагддаг ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хаяг шошгожилтын зөрчил илэрсэн байна.
Монос-Баян Монгол эмийн сан, Монос-Саруул тэнгэр гэсэн хоёр эмийн сан, Монос-Төмөр зам эмийн сан, Монос-Макс эмийн сан, Монос-Хархорин эмийн сан, Монос-Метромалл эмийн сан, Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Монос эмийн сангууд нь “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-д заагдсан эрхлэгч үйл ажиллагаа явуулдаггүй зөрчил илэрчээ.
Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн долоодугаар хороонд байрлах Монос-Сансар эмийн сан жороор олгогдох эмийг шаардлага хангагдахгүйгээр бичигдсэн эмийн жорыг хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн. Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Монос-Ботаник эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь өөр аж ахуйн нэгжийн нэр дээр байсан бөгөөд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан.
Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Монос-Баянмонгол эмийн сангийн эрхлэгч Б.Батцэцэг нь “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт MNS 5260: 2011–т заасан мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан мэргэшсэн эм зүйч эмийн сангийн эрхлэгч байна гэсэн шаардлагыг хангаагүй, Нийтийн үйлчилгээний нэгдүгээр зэрэглэлийн тусгай зөвшөөрөл авсан боловч дээрх стандартад заасан шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулаагүй байна.
Монос Улаанбаатар ХХК-ийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутагт байрлах-Монос Натурвит эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, хаяг шошгожилтын зөрчилтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд худалдан борлуулж байсан.
Монос Улаанбаатар ХХК-ийн Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Монос-Төв эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, байвал зохих боловсон хүчний тоо хангалтгүй.
Монос 5 шар салбар эмийн санд /I-р зэрэглэл/ хийсэн шалгалтаар Герман улсад үйлдвэрлэсэн Sheeni брэндийн жимсний чанамал, сок зэрэг бүтээгдэхүүнд хаяг шошгожилтын зөрчил илэрлээ. Энэ нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6 дахь заалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөрчилөө арилгах хүртэл тус эмийн санд байгаа дээрх бүтээгдэхүүнийг битүүмжлэн хураасан байна.
Монос Сонсголон эмийн санд /1-р зэрэглэл/ мөн дээрхтэй ижил зөрчил илэрсэн тул ....брэндийн сок ширхэгийг зөрчилөө арилгах хүртэл түр хугацаагаар битүүмжлэн хураасан. Эмчийн эмийн жор бичилт нь MNS 5376:2008 Эмийн жорын маягт, жор бичилт Монгол улсын стандартыг мөрддөггүй үүнд эмийн жорын маягтад эмийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээнээс өөр бусад үйлчлүүлэгчийн болон эмчийн мэдээллийг огт бичдэггүй зэрэг зөрчил илэрчээ.
Монос Хар Хорин эмийн санд /1-р зэрэглэл/ Эм Ди Эс компаний импортоор оруулж ирсэн .. улсад үйлдвэрлэсэн Оff! нэр төрлийн хүүхдийн шумуулаас хамгаалагч тосны шошгон дээрх орчуулганд уг бүтээгдэхүүний хадгалах хугацааг алдаатай бичигдсэн зөрчил илэрсэн.
Монос-25 эмийн сангийн салбар нь эм найруулж байсан бөгөөд найруулсан эмийн шошго нь дээр хадгалах хугацааг орхигдуулсан нь хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж байна.
“Монос Улаанбаатар” ХХК-ийн хаяг, шошгожилтын зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн худалдаалсан, найруулсан эмийн хадгалах хугацааг орхигдуулсан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно. 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-т Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна гэж заасныг зөрчсөн байна. Мөн хүчингүй жороор эм олгосон үйлдэл нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-т Эмийн сангийн үйл ажиллагаанд жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгохыг хориглоно гэж заасныг, бусад аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг ашиглан эмийн сангийн үйл ажиллагаа явуулсан, шаардлага хангаагүй эм зүйчийг эрхлэгчээр ажлуулсан, зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрхлэгчдийг шилжүүлсэн зэрэг үйлдэл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-тхүний эм, эмнэлгийн хэрэгсэл,багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах,импортлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ. “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт MNS 5260: 2011-ийн 5.2-т мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн эм зүйч эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг гардан удирдаж, эрхлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасныг тус тус зөрчсөн ажээ.
Дээрх зөрчлүүдтэй холбоотойгоор цаашид холбогдох байгууллагад Стандартын шаардлага хангасан бүрэн бичилттэй эмийн жороор үйлчилдэг болгох, үйлчлүүлэгч нарт шаардлагатай эмийн талаарх мэдлэг мэдээлэл хүргэдэг болгох, эмийн үнэ тавилтыг мөрдөн ажлуулах талаар мөрдөн ажиллуулах, дээрх эмийн сангуудаас ноцтой зөрчил гаргасан эмийн сангуудын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох, Монос-Улаанбаатар ХХК-д Өрсөлдөөний хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Эрүүл мэндийн газарт хүргүүлэх зэрэг арга хэмжээг авахаар болжээ.
“Монос”-ын эмийн сангуудыг хаалаа | ||
Үзсэн: 2445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.