![](/uploads/201408/news/thumb/ed48cac75d78f0fc2772610fb02fffad_x3.jpg)
БОНХЯ, Солонгосын КОЙКА байгууллагатай хамтран “Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлэхээр боллоо. Хамтран ажиллах хэлэлцээрийн протоколд өнөөдөр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, БНСУ-ын КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын Ёл нар гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлт хийх мэргэжилтнийг чадавхжуулах сургалтын төвтэй болно. Түүнчлэн хоёр тал уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд ээлтэй уул уурхайг нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана. Мөн уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газарт жишиг нөхөн сэргээлт хийх боломж бүрдэх юм байна.
КОЙКА-ын буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 7.8 сая ам.долларын санхүүжилтээр төслийг хэрэгжүүлэх аж. БОНХЯ-наас энэ оны хагас жилийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна. Эдгээр аж ахуйн нэгж зөвхөн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж байна. Тодруулбал, газрыг тэгшлэх, дээр нь ургамал тарих зэргээр л нөхөн сэргээлтийг хийж байна. Энэхүү үйл ажиллагаа нь бохирдлыг багасгах, орчны нөлөөллийг бууруулж чаддаггүй харин ч уул уурхайн хаягдлаас орчинд тархах хортой бодис нь хөрсний болон хур борооны усанд уусан гүний ус, хөрсийг бохирдуулах, улмаар хүн, мал, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Төсөл хэрэгжүүлснээр уул уурхайн олборлолтоос эвдэрч орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх технологи, чадавхи, сургалт, судалгааны бааз бий болно. Мөн эвдэрч, орхигдсон газарт нөхөн сэргээлт хийгдэж, хөрс, усны бохирдол арилсанаар хүн, малын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, бохирдсон газарт хөрс, усны иж бүрэн нөхөн сэргээлт хийх жишиг тогтох ажээ.
Уул уурхайн нөхөн сэргээлт хийх мэргэжилтнийг чадавхжуулах төвтэй болно | ||
Үзсэн: 1697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.