Шууд Chart

Болзошгүй гамшгийн аюулаас 18 хүний амь насыг хамгаалжээ

2014-08-25 10:38:56

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас мэдээлэл өглөө.

Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 484 дуудлага  бүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 189, осол, зөрчлийн шинжтэй 295 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 12 бүртгэгдэж 12 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өсөлттэй үзүүлэлт байгаа тул гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан мэдээллээ.

Харин нийслэлийн Онцгой байдлын өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гамшиг ослын 94 удаагийн  дуудлага хүлээн авснаас 64 дуудлага буюу 68 хувь нь  объектын гал түймрийн дуудлага байжээ.  Зам тээврийн болон ахуйн осолд өртсөн 14 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, болзошгүй гамшгийн аюулаас 18 хүний амь насыг авран хамгаалсан байна. Мөн нийслэлийн Аврах анги, Нийслэлийн цагдаагийн газар, хамтран Туул гол дагуу усны завьт эргүүл хийж, 1772 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг өгч, 304 ширхэг санамж тарааж, 377 авто машинтай иргэнийг голын эргээс холдуулжээ.

Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд Нийслэлийн Цагдаагийн газар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 21181 мэдээ, мэдээлэл хүлээн авч, 546 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 9.3 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13.9 хувиар өссөн байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээс Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, Бусдын эд хөрөнгийг хулгайлах, Танхайрах гэмт хэргүүд 13.9 -34.7 хувийг эзэлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Болзошгүй гамшгийн аюулаас 18 хүний амь насыг хамгаалжээ  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй