Шууд Chart

Израилын Ерөнхий сайд “Хамас” бүлэглэлийн эсрэг дайныг зогсоох бодолгүй байгаагаа мэдэгджээ

2024-05-03 10:18:44

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Израилд Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзалт хэлэлцээ хийсэн байна. Хоёр тал энэ үеэр Газын зурваст гал түр зогсоох асуудлаарх яриа хэлэлцээ, ХАМАС-ын барьцаан дахь хүмүүсийг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Үүний зэрэгцээ гал түр зогсоох яриа хэлэлцээний явцад ХАМАС-ын талаас хариу шийд хүлээгдсэн байдалтай байгаа талаар хэвлэлүүд дамжуулж байна.

Мөн Вашингтоны зүгээс одоогийн яригдаж байгаа тохиролцоог ХАМАС-аар зөвшөөрүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийхийг бүс нутгийн түншүүддээ уриалсан гэж мэдээлж байна. Сүүлд ирж байгаа мэдээллээр, Израилын ЗГ дайны  гал түр зогсоох, Газын зурвас дахь цэргийн ажиллагаа явагдаагүй үлдсэн сүүлийн цэг Рафах суурин руу хийх довтолгооны асуудлаар хуралдаж байгаа юм байна. Америкийн тнбд Нетаньяхутай хийсэн хэлэлцээнийхээ дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үедээ, Израилыг Рафах суурин дахь хүн амыг хамгаалах төлөвлөгөөгүй одоо хэр танилцуулаагүй, ийм нөхцөлд тэнд өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахыг АНУ дэмжихгүй гэдгийг мэдэгджээ.

Мөн Рафах сууринд заавал цэргийн ажиллагаа явуулахгүйгээр ХАМАС-ын асуудлыг шийдэх бусад арга зам бий гэж Блинкен ярьсан байна. Мөн гал түр зогсоох болзлуудыг хүлээж авахыг Хамас-т уриалжээ. Израилын Ерөнхий сайд Нетаньяху харин ХАМАС-тай тохиролцоонд хүрэх үгүйгээс үл хамаарч Рафах руу довтолно гэдэг хатуу байр суурийг илэрхийлсээр байгаан. Сүүлд ч бас барьцааны хүмүүсийг суллах хэлцэлд тулгуурлаж Газын зурвас дахь дайныг бүрмөсөн зогсоох тохироог хүлээж авахгүй, бас ХАМАС-тай барьцааны хүмүүсийг суллахаар тохирно гэдэг нь Рафах сууринд ажиллагаа явуулахгүй гэсэн үг биш гэж Нетаньяху мэдэгдсэн талаар Израилын хэвлэлүүд уламжилжээ.

Үүний зэрэгцээ америкийн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер барьцааныхныг суллах хүрээнд гал түр зогсоох хэлцэлд “тун дөхсөн” гэж хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн байна. Израил, Хамасын хоорондох хэлэлцээнд АНУ, Египет болон бусад талууд зуучилж байгаа.Одоо хийгдэж байгаа хэлэлцээгээр эхний шатанд ХАМАС-ын барьцаанаас 33 хүнийг суллаж, оронд нь Израилын шоронгуудаас хэдэн зуун Палестин хоригдлыг суллах болзол яригдаж байгаа юм байна. Газын зурваст сүүлийн 7 сарын турш үргэлжилж байгаа Израилын цэргийн ажиллагаанд амь үрэгдсэн палестинчуудын тоо сүүлийн байдлаар 34596-д хүрснийг Газын зурвасын эрүүл мэндийн яам мөн мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израилын Ерөнхий сайд “Хамас” бүлэглэлийн эсрэг дайныг зогсоох бодолгүй байгаагаа мэдэгджээ  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй