2022 онд Халлоуин баярын үеэр Сөүлийн Итэвон гудамжинд болсон үймээний хэргийг дахин мөрдөн шалгах болж байна. Өмнөд Солонгосын парламент өнөөдөр, энэ хэрэгт бие даасан мөрдөн шалгалтыг шинээр явуулах тухай хуулийг санал нэгтэйгээр баталсан байна. 150 гаруй хүн амь эрсэдсэн Итэвон хороолол дахь шахцалдааны хэргийг хохирогчдын ар гэрийнхний зүгээс хараат бусаар дахин мөрдөн шалгах шаардлагыг удаа дараа тавьж байсны дүнд ийм шийдвэр гарч байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ хуулийн төслийг Өмнөд солонгосын сөрөг хүчин давамгайлж байгаа нэг танхимт парламент Үндэсний Ассамблейн 256 депутат дэмжиж, 3 хүн түдгэлзэж, татгалзсан саналгүйгээр баталжээ. Одоо Ерөнхийлөгч Юн Сог Ёль гарын үсэг зурснаар хууль хүчин төгөлдөр болох юм байна. Энэ хуулиар, уг эмгэнэлт хэрэг явдал болсон шалтгаан нөхцөлийг тогтоож, эрх баригчид хэрхэн ямар хариу арга хэмжээ авч ажилласан, гэм буруутнууд хэн байв зэргийг тогтоох 9 хүний бүрэлдэхүүнтэй хороо байгуулах юм байна. Энэ хороо 15 хүртэл сарын хугацаанд ажиллах юм байна. 2022 оны 10 сарын 29-нд Сөүлийн алдартай Итэвон дүүрэгт цар тахлын хорио тавигдсаны дараах анхны Халлоуин баяр тэмдэглэхээр олон хүн цугларсан давчуу нарийхан гудамжинд шахцалдаан үүссэнээс олон хүний амь үрэгдсэн. Мөн 20-30 насны 200-аад хүн гэмтэж бэртсэн байдаг. Энэ хэрэг явдалд иргэдийн зүгээс засаг захиргааны байгууллагуудыг аюулгүй байдал, хяналт зохицуулалтын тал дээр хайхрамжгүй хандсанд буруутгаж хурц шүүмжилдэг.
Мөн 100-мянгаад хүн цуглах төлөв гарсаар байхад хэв журам сахиулахаар ердөө 137 цагдаа явуулсан хотын цагдаагийн байгууллага дарга удирдлагуудыг буруутгадаг. Улмаар цагдаагийн байгууллагаас явуулсан мөрдлөг шалгалтын дүнд өнгөрсөн онд орон нутгийн эрх барих байгууллагууд, цагдаагийн газрыг хэт олон хүн цуглах нөхцөлийг тооцож арга хэмжээ аваагүй гэдэг дүгнэлт танилцуулжээ. Мөн аюултай нөхцөл үүсэж болзошгүй гэдэг олон тооны иргэдийн утсаар өгсөн сэрэмжлүүлэг дуудлагыг цагдаагийнхан үл тоосон гэдэг дүгнэлт гарсан юм байна. Улмаар энэ хэргийн мөрөөр 20 гаруй цагдаа, албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгагдаж байгаа ч хохирогчдын ар гэрийнхэн болон сөрөг хүчний депутатуудын зүгээс хараат бус мөрдөн шалгалтыг дахин явуулж гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох уриалгыг удаа дахин дэвшүүлж байжээ.
БНСУ-ын парламент Итэвон дүүрэгт болсон эмгэнэлт хэргийг дахин мөрдөн шалгах хууль батлав | ||
Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.