Шууд Chart

Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр дэлхийн өнцөг булан бүрт жагсаал болжээ

2024-05-03 12:13:02

Тавдугаар сарын 1-нд тохиосон Олон улсын хөдөлмөрчдийн өдрийг дэлхий даяар тайван голдуу жагсаалууд хийж тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Олон орны нийслэл, томоохон хотуудад ажилчид, үйлдвэрчний хөдөлгөөнүүд үнийн өсөлт, цалин хөлс, хөдөлмөрчдийн эрхийн асуудлыг хөндөж жагсжээ. Мөн жагсагчид болон хүчний байгууллагууд хооронд зарим газар үймээн эмх замбараагүй байдал үүссэнээс Европт л гэхэд хэдэн арван хүн саатуулагдсан байна.

Жил бүрийн 5 сарын 1-нд тохиодог Хөдөлмөрчдийн эрхийн өдөр олон улс даяар Ажилчдын эрх ашгийн дуу хоолойгоо өргөхөөс гадна эрх баригчдынхаа эдийн засаг, улс төрийн бодлого шийдвэрүүдтэй холбоотой байр сууриа илэрхийлдэг. Герман, Бельгид жагсагчид чинээлэг иргэдийн татварыг нэмэх уриалгад нэгдсэн бол, Шри-Ланкт “Ажлын 8 цагийг бүү хөнд” гэсэн уриа лоозон зонхилжээ. Тэгвэл Францын нийслэл Парист 18 мянга гаруй, Ницце, Страсбург, Марсель зэрэг өөр олон хотод цалин хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, төсвийн хатуу хэмнэлтийг эсэргүүцсэн уриатай жагсаалуудад 120 мянга гаруй хүн оролцсон. Мөн замын хажууд гар хийцийн бөмбөг тэсэрснээс 12 цагдаа эмнэлэгт хүргэгдэж, бас танхайрч үймээн дэгдээхийг завдсан 45 хүнийг саатуулжээ. Гурван сарын дараа эхлэх Зуны Олимпын наадамд дургүйцсэн хэсэг хүмүүс олимпын 5 цагаригийн дуураймлыг шатаасан байна. Зуны амралтын цагаараа Олимпын үеэр ажиллахаас аргагүй болж байгаа хүмүүст нөхөн төлбөр олгохгүй бол Францын ҮЭ-үүд ажил хаялт хийнэ гэж анхааруулжээ. Энэ жилийн майн нэгний жагсаалд оролцогчид бас Газын зурвас, палестинчуудын талд дуу хоолойгоо өргөжээ. Нью-Йорк зэрэг америкийн олон хотод жагсагчид палестины туг далбаатай жагссан бол, Грект мөн хэсэг жагсагч палестины асар том далбааг мандуулж, бас нэг хэсэг нь АНУ дахь палестиныг дэмжигч оюутнуудын хөдөлгөөний талд уриа лоозон барьж жагсжээ. Туркийн Истанбулд жагсагчид хашлага хаалтыг давж төв -Таксим талбай руу нэвтрэхийг завдсанаас цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна.

Туркийн ДХЯ-ны мэдээгээр, энэ үеэр 210 гаруй хүнийг саатуулжээ. 1977 онд Истанбулын төв Таксим талбайд майн нэгний жагсаалын үеэр үл мэдэгдэх этгээд гал нээснээс үймээн дэгдэж, 34 хүн шахцалдаанд дарагдаж амь үрэгдсэн хэрэг явдлаас үүдэж Ерөнхийлөгч Эрдоганы засаг захиргаа аюулгүй байдлын үүднээс энэ талбайд жагсаал цуглаан явуулахыг хориглосоор удаж байгаа юм байна. Германы нийслэл Берлин хотод мөн палестины туг далбаа, “Израилд зэвсэг бүү өг”, Палестиныг чөлөөл гэсэн уриа лоозон бүхий 11600 орчим хүний жагсаал болсныг ДПА уламжилсан байна. Өмнөд Солонгост харин Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн консерватив засгийн газрыг ажилчид хөдөлмөрчдийн эсрэг бодлого явуулж байгаад буруутгасан ҮЭ-үүд томоохон жагсаал хийжээ. Японы нийслэл Токиод мөн үнийн өсөлтийг нөхөж цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага тавьж 10 мянга гаруй хүн жагссан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр дэлхийн өнцөг булан бүрт жагсаал болжээ   
Үзсэн: 1118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй