Хятад улсад өнгөрөгч 4-р сард хэрэглээний үнэ өссөнөөр энэ үзүүлэлт сүүлийн гурван сар дараалан өсөлттэй гарсан байна. Багагүй савлагаатай байгаа эдийн засгаа тогтворжуулах алхмуудыг Бээжингээс хэрэгжүүлж байгаа үед энэ нь дотоодын эрэлт сайжирч эхэлсний дохио байж мэдэхийг шинжээчид бичиж байна.
Гэхдээ Хятадын статистикийн үндэсний хорооноос өнөөдөр зарласнаар, хэрэглээний барааны үнэ 4 сард жилийн өмнөхтэй харьцуулахад 0,3 хувиар өсжээ. 3-р сард энэ өсөлт 0,1 хувь байсан байна. Тогтворгүй байгаа хүнс болон түлш шатахууны үнийг оруулахгүйгээр суурь инфляц 4 сард 0,7 хувиар нэмэгджээ. Өмнөх сард нь энэ үзүүлэлт 0,6 хувь байжээ. Гэхдээ үл хөдлөхийн салбарыг нэрвэсэн хямрал мөддөө саарах төлөвгүй, эрх баригчдын зүгээс нэмэлт дэмжлэг зохицуулалт шаардах нь ойлгомжтой байгаа үед, үйлдвэр аж ахуйн газрууд болоод үйлчилгээний салбарын идэвх мөн буурч болзошгүй хандлага албаны асуулгуудаас харагдаж байгаа юм байна. Улмаар одоогийн нааштай төлөв байдал төдийлөн тогтвортой бус байж мэдэхийг Хятадыг дагнан судалдаг шинжээчид судлаачдын олонх үзэж байгаа юм байна. Хятадын орон нутгийн засаг захиргаад 13 их наяд ам.долларын өрөнд баригдаж, Төрийн Зөвлөл буюу ЗГ-аас нь орон нутгийн эрх барих байгууллагуудыг өрөө хойшлуулах эсвэл төсвөөс санхүүждэг дэд бүтцийн зарим төсөл хөтөлбөрийг зогсоохыг үүрэгдэж байгаа юм байна. Үйлдвэрлэгчдийн үнийн индекс 4 сард жилийн өмнөхтэйгөө харьцуулахад 2,5 хувиар унаж, харин өмнөх сарын 2,8 хувийн уналтаас яльгүй өндийсөн дүн үзүүлжээ. Үүний зэрэгцээ баасан гарагт мөн Хятадын Ардын банк мөнгө-зээлийн бодлогоо уян хатан, илүү нарийвчлалтай, мөн үр өгөөжтэй байлгаж, эдийн засаг сэргэх үйл явцыг бататгах үүднээс хэрэглээний үнийн аядуу сэргэлтэд дөхөм үзүүлэх бодлогоо зарласан байна. Хятадын эрх баригч КН-ын удирдах дээд байгууллага Улстөрийн товчоо өмнө нь, өсөлтийг дэмжих үүднээс банкны заавал байлгах нөөцийн доод хэмжээ, зээлийн хүү зэрэг улс төрийн арга хэрэгслүүдийг хойшид ч ашиглахаа мэдэгдсэний ар дээр ХАБ-ны дээрх тайлбар нийтлэгджээ. Хятад улс улс төрийн дэмжлэг оролцоогүйгээр эдийн засгийн өсөлтөө энэ 2024 оны зорилтот 5 орчим хувийн үзүүлэлтэд хүргэхэд амаргүй байна гэдгийг олонх шинжээчид мөн хэлж байгаа юм байна.
БНХАУ-д хэрэглээний үнэ гурван сар дараалж өссөнийг эрэлт сэргэж буйн дохио гэв | ||
Үзсэн: 328 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.