Кувейтийн эмир өчигдөр мэдэгдэл хийж, парламентаа татан буулгаж байгаагаа зарласан байна. Персийн булангийн энэ улсад ээлжит сонгууль явагдсанаас хэдхэн 7 хоногийн дараа Эмир энэ мэдэгдлийг хийж, бас Үндсэн хуулийн зарим заалтыг дөрөв хүртэл жилээр түдгэлзүүлэхээр болсныг мэдэгджээ. Газрын тосны нөөцөөрөө дэлхийд 6-д ордог Кувейт улсад нүүрлэсэн улс төрийн мухардмал байдал ийнхүү үргэлжилж байгааг ОУ-ын ажиглагчид тэмдэглэж байна.
50 гишүүнээс бүрддэг Үндэсний Ассамблей буюу парламентын зарим эрх мэдлийг хойшид Кувейтийн эмир Шейх Мишал аль-Ахмад аль-Сабах, мөн хааны гэр бүлээс томилогдсон сайд нарын танхим хэрэгжүүлэхээр болж байгааг өчигдөр тв-ээр хийсэн мэдэгдлээрээ Эмир мөн зарлажээ. Тэрээр “ардчиллын нэрээр төр улсыг нураах явдал гаргуулахгүй. Кувейтийн ард түмний эрх ашиг, итгэл юу юунаас эрхэм” гэж өдгөө 83 настай Эмир мэдэгдэлдээ хэлжээ. Мөн зарим депутатыг “хэр хэмжээнээс хэтэрч”, “угсаа залгамжлах хунтайжийг сонгох зэрэг Эмирийн эрх мэдэлд хошуу дүрж байна” гэж буруутгаж байжээ. Өмнөх эмир таалал төгссөнөөр өнгөрсөн оны 12 сард угсаа залгамжилсан шейх Мишалын засаглал тогтсоор Кувейтэд анхны сонгууль өнгөрсөн 4 сарын 5-нд явагдсан. Хэдэн жилээр сунжирч байгаа улс төрийн мухардмал байдлаас гарах эрмэлзлийн хүрээнд явуулсан энэ 4 дэх удаагийн бүх нийтийн сонгуулиар бүрдсэн Үндэсний ассамблей буюу парламент ирэх даваа гарагт анхны чуулганаа хийх байсан ч ийнхүү татан буугдаж байна. Персийн булангийн бусад орны бэлгэ тэмдгийн чанартай хууль тогтоох байгууллагыг бодвол харьцангуй эрх мэдэл, нөлөө ихтэй Кувейтийн парламент болон Эмирээс томилогддог сайд нарын танхим хоорондох ужиг зөрчил ийнхүү дахин парламентыг татан буулгахад хүргэж байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Шинэ сонгогдсон парламентын зарим гишүүн засгийн газарт орж ажиллахаас татгалзсанаар Засаг бүрдэх аргагүй болсныг Эмир харин, зарим нэг хууль тогтоогчдын “заавар, нөхцөл болзол тулгасны үр дагавар” гэж мэдэгджээ. Кувейтэд парламент ажиллахгүй бол тус улс булангийн бусад хаант улсын адил дангаар засаглалтай орон болж хувирна гэж тоймчид мөн бичиж байна.
Кувейтийн Эмир парламентаа татан буулгаж үндсэн хуулийн зарим заалтыг түдгэлзүүлжээ | ||
Үзсэн: 355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.