Гүржийн нийслэл Тбилиси хотод 50 мянган гаруй хүн Засгийн газрынхаа санаачилсан “гадаадын агент”ын тухай хуулийг батлахыг эсэргүүцэж жагслаа. Өнгөрсөн сарын эхээр Гүржийн эрх баригч нам уг хуулийн төслийг парламентад өргөн барьснаас хойш ард иргэдийн тэмцэл үргэлжилж байна. Энэ тэмцлийн гол агуулга нь Гадаадаас санхүүждэг иргэний нийгмийн байгууллагууд, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавих хяналтыг чангатгах зорилготой хууль батлуулахгүй байхад чиглэж байгаа. Хэрвээ Гүрж улс энэ хуулийг баталбал Европын Холбоонд гишүүнчлэх, ардчилсан тогтолцоо руу орох үйл явцад саад учирна гэж ард иргэд нь үзэж байна.
Тус улсын эрх баригч Гүржийн Мөрөөдөл нам санаачилсан хуулиа төрийн бус байгууллагуудын ил тод байдлыг сайжруулах ач холбогдолтой гэсэн үүднээс парламентаар батлуулахыг зорьж байна. Хэдийгээр ард түмний эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч хуулийн төслийг батлах ёстой гэж засгийн газар нь байр сууриа хамгаалсаар байна. Энэ хуулийн төслийг Гүржийн парламент хоёр дахь хэлэлцүүлгээрээ 83:23 гэсэн харьцаатай дэмжсэн. Сүүлийн буюу гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр болно. Гурав дахь хэлэлцүүлгийн дараа хуулийг батлах ёстой боловч Гүржийн ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн байна. Сүүлийн шатны хэлэлцүүлгийн өмнө Гүржийн ард иргэд өчигдөр 50 мянгуулаа гарч жагслаа. Уг хуулийн төсөлд зааснаар үйл ажиллагааныхаа зардлын 20-иос дээш хувийг гадаадаас авдаг төрийн бус байгууллагууд гадаад улсын ашиг сонирхлыг хамгаалагч гэсэн ангилалд авч үзэх юм байна. Гүржийн иргэд энэ хуулийг Оростой адил иргэний нийгмийг нь дарангуйлах агуулгатай гэж үзэж байгаа, Орос 2012 онд үүнтэй ижил агуулгатай хууль баталж, Украины дайн эхэлснээс хойш хуулийн заалтыг улам чангаруулсан юм.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд хуулийн төслийг эсэргүүцсэн хэд хэдэн томоохон жагсаал цуглаан зохион байгуулсан. Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам өнгөрсөн жил ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас хуулийн төслийг буцаан татсан ч энэ оны эхээр дахиад парламентаар оруулсан. Өнгөрсөн сарын 30-нд Гүржийн цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу, резинэн сум ашиглан нийтийн жагсаалыг тарааж, олон арван хүнийг баривчилсан. Европын холбоо, АНУ, НҮБ энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байгаа. Мөн санал болгож буй хууль нь Гүржийн Европын холбоонд нэгдэх боломжийг хязгаарлаж магадгүйг ЕХ-ноос анхааруулсан. Гүрж ЕХ-нд элсэх хүсэлтээ гаргасан ч эрх баригч намыг үүсгэн байгуулагч нь ОХУ-тай ойр харилцаатай гэгддэг юм. Гүрж нь Европын холбоонд элсэх нэр дэвшигчийн статустай 9 улсын нэг юм. Европын зөвлөлийн дарга Шарль Мишель "Нээлттэй ардчилсан, олон ургалч нийгмийг бий болгох Гүржийн ард иргэдийн уриалгыг сонсох ёстой" гэж мэдэгдсэн байна.
Гүржийн ард иргэд “гадаад агент”-ын хуулийг эргүүлж татахыг шаардсаар байна | ||
Үзсэн: 446 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.