Он гарсаар дэлхийн хэмжээнд үерийн гамшиг хурдацтай нэмэгдэж байна. Сэрүүн бүсэд шар усны үер олноор болсон бол халуун дулаан уур амьсгалтай бүс нутгуудад их хэмжээний усархаг борооны улмаас үерлэж, олон хүний аминд хүрч байна. 3-р сарын дундуур орж эхэлсэн борооны улмаас Зүүн Африкт их хэмжээний үер болсон. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод мөн үерийн гамшиг тохиолдоод удаагүй байна. Бразил улсад өнгөрсөн долоо хоногт эхэлсэн үерийн хохирол одоо ч тоологдсоор байна. Индонез улсад мөн л газрын гулгаа үүсэж, 30 орчим хүн амь үрэгдлээ. Өнгөрөгч амралтын өдрүүдээр хамгийн их хохирол тарьсан үерийн гамшиг Афганистан улсад болж, багадаа 315 хүн амь эрсдээд байна.
Афганистан улсад өнгөрсөн онд хүчтэй газар хөдөлж, хэдэн мянган хүн амь үрэгдсэн золгүй явдал тохиолдсон. Энэ жил үерийн аюул дайрч байна. Нутгийн хойд хэсгээр үргэлжлэн орсон их хэмжээний усархаг борооны улмаас 315 хүн амь үрэгдэж, 1600 хүн бэртэж гэмтсэн гэдэг мэдээллийг холбогдох байгууллагуудаас өглөө. Хэдэн зуун хүн нэг дор амиа алдсан тул тэднийг нутгийн иргэд бөөнөөр нь оршуулахад хүч хөдөлмөрөө зарцуулж байна. Түүнчлэн хэдэн мянган барилга байшин үерийн усанд өртөж сүйдсэнээс гадна олон тооны мал үерийн усанд туугдан үрэгджээ. Эмнэлэг, цэвэр усны худаг хоолойнууд зэрэг чухал байгууламжууд мөн үерт өртсөн байна. Гудамж талбай их хэмжээний шавар шавхайд хутгалдсан гэж хүмүүнлэгийн байгууллагууд мэдээлж байна. Зарим айлд 13 гишүүн нь үерт үрэгдсэн гэсэн хүндхэн мэдээлэл ч байна. Олон газар хоол хүнс, ундны ус, орон байр, анхны тусламжийн хэрэгсэлгүй хүмүүнлэгийн хүнд нөхцөл үүсээд байна гэдгийг мэдээлж байна. Одоо Афганистаны засгийн эрхэнд байгаа Талибан бүлэглэлийн эдийн засгийн сайд Дин Мухаммед Ханиф НҮБ болон хүмүүнлэгийн байгууллагууд, олон улс, дотоодын бизнесийн байгууллагуудад хандаж үерт өртсөн иргэдэд нь тусламж хүргэхийг хүсжээ. Үерт хамгийн их өртсөн дүүргүүдэд багадаа 310 мянган хүүхэд аж төрж байсныг Афганистан дахь Save the children төрийн бус байгууллага мэдээлж, үерт хүүхдүүд хамгийн их өртөж хохирч байгааг тодруулжээ. Афганистан улс нь байгалийн гамшгийн төв бүс гэж хэлж болохоор нутагт оршдог. НҮБ-аас Афганистаныг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий эмзэг орнуудын нэгээр нэрлэдэг юм. Тэгвэл Зүүн Өмнөд Азийн хамгийн их хүн амтай хамгийн том улс болох Индонез улсын Баруун Суматра арал дээр мөн л их хэмжээний усархаг борооны улмаас үер болж газрын гулгаа үүсэн, 28 хүн одоогоор амь насаа алдсан гэсэн мэдээлэл байна. Мөн 4 хүн сураггүй алга болжээ. Гамшигт 84 байшин барилга, 16 гүүр өртөж сүйдсэн, зам харгуй ихээхэн тагларсан байгааг цэвэрлэх ажил явагдаж байна гэж мэдээлж байна. Бразил улсад арваад хоногийн өмнөөс эхэлсэн усархаг борооны улмаас амиа алдсан хүний тоо одоогоор 143 болж өсөөд байна. Усархаг бороо цаашид ч үргэлжлэх төлөвтэй, эргээ халин үерлэсэн гол мөрнүүд нэмж үерлэх эрсдэлтэй байна. 11 сая хүн амтай Бразил улсын Рио Гранде ло Суль мужид 537 мянган хүн үерийн улмаас орон гэрээсээ дайжаад байна. Эдгээр хүмүүст нэн яаралтай тусламж үзүүлэх 2 тэрбум 340 сая долларын төсөв баталсан гэж Засгийн газар нь мэдээлжээ. Бразил улс нь мөн л цаг уурын онц үзэгдлүүдийн голомт болсон улс. Тропикийн халуун чийглэг уур амьсгал болоод өмнөд туйлын атмосферт харьяалагддаг энэ улсад гэнэт их хэмжээний усархаг бороо орох юм уу урт хугацаагаар ган гачиг болох зэрэг үзэгдлүүд болдог байна.
Дэлхий даяар үер усны гамшиг жилээс жилд нэмэгдэж байна | ||
Үзсэн: 591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.