Шууд Chart

Европын ард иргэд улс орныхоо ардчиллыг хангалтгүй гэж дүгнэж байна

2024-05-13 14:30:24

Ардчиллыг үнэлэх индекс судалгаагаар Европын ард иргэд улс орныхоо ардчилалд сэтгэл дундуур байна гэдэг хариу гарчээ. Тэр дундаа Европын Холбооны гишүүн Франц, Грек, Унгар улсын иргэдийн дийлэнх нь цаашид ардчилсан улсад эрх чөлөөтэй амьдрахад хэцүү болсон гэсэн хариу өгсөн байна. Ардчилал хангалтгүй байгаа гол хүчин зүйлээр хэвлэлийн эрх чөлөө алдагдсан гэж ихэнх улс орны иргэд үзжээ.

Энэ судалгааг өнгөрсөн 2-р сараас 4-р сарыг дуустал нийт 53 улсын 63 мянган иргэнийг хамруулж явуулжээ. Тус 53 улсын 15 нь ардчиллаараа дэлхийд тэргүүлэгч Европын Холбооны улсууд байсан байна. Судалгаанд оролцсон Европын Холбооны иргэдийн 57 хувь нь өөрсдийгөө ардчилсан улсад амьдардаг гэж тодорхойлсон байна. Харин цаашид ардчилсан улсад эрх чөлөөтэй амьдрахад хэцүү болсон гэж үзсэн гурван улс дотор Унгар улсын иргэдийн 70 хувь нь ардчилал хангалтгүй гэж дүгнэжээ. Унгар улс сүүлийн жилүүдэд ардчиллын индексээр нэлээд буурч байгаа оронд тооцогдох болсон. Жишээлэхэд, энэ улсад хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байгааг ОНРТ-ийг төрийн өмчит болгох шийдвэрээс нь харж болно. Мөн төрийн албанд танил талаа ашиглаж орох, шүүх эрх мэдэлд төрийн нөлөө их зэрэг ардчиллын индексийг нь бууруулах хэд хэдэн хүчин зүйлийг нэрлэж болно. Тэгвэл, ардчиллын өлгийн нутаг гэж хэлж болох Грек улсын иргэд ардчилалдаа сэтгэл дундуур байгаагийн шалтгаан цагаачидтай холбоотой. Газар дундын тэнгисийн эрэг дээр орших Грек улсыг тэнгис гаталж ирэх цагаач дүрвэгсэд олон байдаг. Сүүлийн жилүүдэд Грекийн засгийн газар цагаачдыг хүлээж авалгүй хууль бусаар буцаадаг гэдэг асуудал хөндөгдөж эхэлсэн. Мөн хэвлэлийн эрх чөлөө сул, сэтгүүлч, улс төрийн сөрөг хүчнийхнийг тагнаж, мөрддөг зэрэг асуудлыг санал өгсөн иргэд хэлж байлаа.

Харин Франц улсын хувьд, хэдийгээр нийт санал хураалтад оролцогсдын 46 хувь нь улсаа ардчилсан гэж үздэгээ илэрхийлсэн ч ардчилалд итгэлгүй байгаа иргэдийн тоо нь давамгайлж байв. Францын эдийн засгийн ороо бусгаа байдал, одоогийн ерөнхийлөгч Эммануел Макроны баримталж байгаа тэтгэврийн шинэчлэлтийн бодлого, бодлого тодорхойлогчдод ард түмний итгэлгүй байдал зэрэг нь ардчилсан тогтолцоонд нь иргэд нь итгэлгүй байх гол хүчин зүйлүүд болж байна. Энэ гурван улсаас гадна Европ даяараа ардчилалд итгэх итгэл суларсан нэг жишээ нь 2000 он гарсаар засгийн газар, бодлого тодорхойлогчид эрх мэдэлтэй цөөн хүнд үйлчилдэг гэх үзэл эрс нэмэгдсэн нь юм байна. Ялангуяа Герман улсад ийм үзэл хандлага элбэг байдаг байна. Түүнчлэн Европ даяар цагаачдын эсрэг бодлого чангарч байгаа зэрэг нь нийт ард түмнийх нь ардчилалд итгэх итгэлийг сулруулж байгаа гэж судалгаагаар дүгнэжээ.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын ард иргэд улс орныхоо ардчиллыг хангалтгүй гэж дүгнэж байна  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй