Шууд Chart

Кувейтэд хууль батлах эрх тодорхой хугацаанд Эмир болон засгийн газарт шилжиж байна

2024-05-14 13:35:08

Кувейт улс ням гарагт гаргасан Эмирийн зарлигийн дагуу Шейх Ахмад Абдулла Аль-Сабахаар удирдуулсан шинэ засгийн газраа бүрдүүлсэн байна. Шинэ парламентын зарим гишүүн Засгийн газарт орж ажиллахаас татгалзсантай холбогдуулан Кувейтийн Эмир 4-р сарын 4-нд шинээр сонгогдсон парламентаа тодорхойгүй хугацаагаар татан буулгасан. Эмирийн зарлигийн дагуу Кувейт улсад өмнө нь парламент, засгийн газар хоёр хууль батлах эрхтэй байсан бол хууль батлах эрх тодорхой хугацаанд Эмир болон засгийн газрын эрх мэдэлд шилжиж байна.

Кувейтийн Эмир Шейх Мишал Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахын зарлигийн дагуу газрын тос, Сангийн сайд, Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хэвээр үлдээжээ. Шинэ засгийн газрыг тэргүүлэх ерөнхий сайд Шейх Ахмад нь Эмирийн ач хүү бөгөөд өнгөрсөн 4-р сард өмнөх засгийн газрын Ерөнхий сайдаар томилогдсон юм. Эмирийн зарлигаар Үндсэн хуулийн зарим заалтыг дөрвөн жилээс илүүгүй хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд ардчиллын үйл явцын бүх талыг судлах юм байна. Эмир мөн үндсэн хуулийн зарим зүйл заалт, тухайлбал шинэ парламентыг тарааснаас хойш хоёр сарын дотор шинээр сонгууль явуулах, хуулийг парламент болон эмир батлах ёстой гэсэн заалтуудыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх зарлиг гаргасан. Энэ зарлигийн дагуу ирэх 4 жилд Кувейт улсын парламентын эрх мэдлийг төрийн тэргүүн Эмир болон түүний томилдог засгийн газарт шилжүүлж байгаа юм байна. Үндсэн хуулийн заалтуудыг түр түдгэлзүүлснээр Эмир Аль-Сабахад шинэ хууль тогтоомжийг бүрэн хянах боломжийг олгож байна гэж Ройтерс мэдээлжээ.

Кувейтийн 50 гишүүнтэй Үндэсний ассамблей буюу парламент нь Арабын булангийн бусад хаант улсуудын хууль тогтоох байгууллагуудаас илүү нөлөөтэй, илүү ардчилсан гэж үнэлэгддэг, гэвч сүүлийн жилүүдэд хууль тогтоох байгууллага болон Эмир, түүний томилдог засгийн газар хооронд нийгэм эдийн засгийн шинэчлэлттэй холбоотой маргаан, үл ойлголцол бий болсноор парламентыг ойр ойрхон тараах, улс орноо газрын тосны орлогоос хамааралтай байдлаа бууруулах зорилготой шинэчлэлт, гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоогоод байна. Энэ байдлаас улбаалан дэлхийд газрын тосны нөөцөөрөө 6-д жагсдаг, чинээлэг орнуудын нэг Кувейт улс 2020 оноос хойш 4 жилд дөрвөн удаа парламентын сонгууль явуулсан. Өнгөрсөн оны 12-р сард хаан ширээг залгамжилсан шинэ Эмир энэ жил парламентаа хоёр дахь удаагаа татан буулгаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кувейтэд хууль батлах эрх тодорхой хугацаанд Эмир болон засгийн газарт шилжиж байна  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй