Шууд Chart

Дэлхийн гайхамшиг болсон "Паран-Тинг"

2024-05-15 10:01:01

Дэлхийн голуудаас далай тэнгист аваачиж юүлдэг бүх усны дөрөвний нэгийг Өмнөд Америкт орших  Амазон мөрөн ганцаараа бүрдүүлдэг. Амазон мөрөн усны гайхамшиг, ай савын хэмжээгээрээ дэлхийн хамгийн том мөрөнд тооцогдоно. Түүний талбайн хэмжээ 7 сая гаруй хавтгай дөрвөлжин км байдаг нь Австралийн эх газрыг бүхэлд нь буюу АНУ зэрэг улсыг багтаахаар ажээ. Уугуул иргэдийн нэрлэдгээр "Паран-Тинг" буюу голуудын хатан хаан болсон энэхүү мөрөнд яг тогтсон голдирол гэж байдаггүй нь судлаачдыг ихээхэн гайхшируулдаг. Зарим хэсгээрээ олон гол болон салаалж, дараа нь нийлэхийн зэрэгцээ тоолшгүй олон жижиг голуудаас ус авдаг байна. 

Амазон мөрөн 500 гаруй цутгалантай. Тэдгээрээс 17 нь 1800-3500 км-ийн урттай байдаг. Амазон мөрний адаг нь тэнгисийн 400 км хэсгийн усыг цэнгэг болгодог. Адаг орчмоороо Амазон мөрний өргөн нь 200 гаруй км бөгөөд гүн нь 100 м хүрдэг. Перугийн Икитом хотын хавьцаа адгаасаа 3500 км зайтай хэсэгт голын гүн нь 20 м илүүтэй байдаг болохоор тэнгисийн хөлгүүд ч хүрч очдог. Иймээс л Амазон мөрөн дэлхийн хамгийн урт мөрөнд тооцогддог. Дэлхийн нийт цэнгэг усны 18 хувийг агуулдаг гэгдэх Амазонкийг 6750 км урттай гэж үздэг.

Хуурай улиралд хамгийн өргөн нь 11 км хүрдэг бол борооны улирлын үед энэ тоо 50-80 км хооронд болж нэмэгддэг. Сонирхуулахад, дэлхийн хамгийн галзуу серфингчид Амазон дээр цугларч, жилд хоёр удаа далайгаас Амазоныг өгсөн ирэх аварга том давлагаануудыг хөлөглөн ур чадвараа сорьдог аж. Тус давлагаанууд нь эх газрын гүн рүү 800 км хүртэл зам туулдаг байна.

Укаяли болон Мараньон голууд нийлсний дараачаас Амазон нэртэй болдог. Энэ хоёр цутгалан хоёул Андын нуруунаас эх аван урссаар понго хэмээх хадархаг хавцлыг туулан тэгш талд хүрдэг. Тэрхүү нарийхан хавцлын ёроолоор нарийхан жим гарах ч зайгүй бөгөөд зарим газартаа хориод метр үргэлжлэх оргилсон, хөөсөрсөн догшин ширүүн урсгал л байдаг аж.


Дэлхийн гайхамшиг болсон "Паран-Тинг"  
Үзсэн: 1270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй