Япон улсын эрх баригчид улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалт болон мэдээллийн технологийн шилдэг мэргэжилтнүүдийг татах бодлого боловсруулахаар ажиллаж байна. Тус улсын засгийн газар гадаадын бизнес эрхлэгчдийг Японд үйлдвэр байгуулах болон бусад үйл ажиллагаа явуулахыг дэмжих төлөвлөгөө боловсруулжээ. Тухайлбал бичиг баримт бүрдүүлэлт хийх хэлийг Англи хэл болгон өөрчилж, аж ахуй нэгж байгуулахад тулгардаг олон дамжлагыг багасгах юм байна.
Япон улс 2030 он гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2022 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг аль хэдийнээ тавиад байгаа. 2030 он гэхэд 100 их наяд иен буюу ойролцоогоор 640 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татна гэсэн зорилттой ажиллаж байна. Японы хүн амын тоо буурч, хөгширч байгаа нөхцөлд ч өсөн тэлэх эдийн засгийг бий болгохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тус улсын Эдийн засгийн сэргэлт хариуцсан сайд Шиндо Ёшитака мэдэгджээ. Төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд Япон улсад компани байгуулахад хялбар болгохын тулд бичиг цаасны ажлыг энгийн бөгөөд англи хэл дээр хийхээр зорьж байна. Гадаад ажилчдын тухайд нэн тэргүүнд гадаад ажилчдын оршин суух статустай холбоотой Засгийн газрын дүрмийг шинэчлэх шаардлагатай гэж албаныхан мэдэгджээ.
Ажиллах, хөрөнгө оруулах таатай нөхцөлийг бүрдүүлснээр Энэтхэг, Зүүн өмнөд Ази болон бусад орны шилдэг их дээд сургуулиудын мэдээллийн технологийн чиглэлээр төгсөгчид Японд ажиллаж, амьдрах сонирхол нь нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Япон улс гадаадын хөрөнгө оруулалт, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг татахыг зорьж байна | ||
Үзсэн: 442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.