2022 оны 2-р сард ОХУ Украинтай дайтаж эхэлснээс хойш ОХУ болон Барууны орнуудын харилцаа эрс муудсан. Энэ хурцадмал харилцаа харин Арктикийн бүс буюу Хойд туйлд тодорхой хэмжээнд хязгаарлагдмал хамтын ажиллагаа өрнүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Хойд туйлын бүсийн орнууд газрын тос асгарахад авах арга хэмжээний сургуулилалт симуляц явуулсан. Энэ симуляцад ОХУ бас оролцжээ. Хойд туйлын бүсийн орнууд Арктикийн байгаль орчныг хамгаалж, хадгалах зорилгоор 1996 оноос хойш зөвлөл байгуулан ажиллаж байна
Барууны орнууд ОХУ-тай харилцах харилцаа хоёр жилийн өмнөөс царцсан ч Норвег улс Хойд туйлын зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд ОХУ-тай хязгаарлагдмал хүрээнд харилцсаар байна. Өнгөрсөн 3-р сард болсон симуляц ч Норвег улсын нутаг дэвсгэр дээр болсон тул ОХУ оролцжээ. Тус сургуулилалтын үеэр бүх гишүүн улсууд идэвх санаачилгатай, сайн харилцаатай оролцсон, ОХУ ч мөн идэвхтэй оролцож, тусламж санал болгож байсан гэж Арктикийн зөвлөлийн яаралтай хадгалан хамгаалах, бэлэн байдлын албаны дарга Оле Биеркимо ярьж байсан юм. Энэ сургуулилалтад ОХУ хоёр ч далайн хөлгөө илгээжээ. Арктикийн зөвлөл нь Хойд туйлын бүсэд хамаардаг АНУ, Канад, Норвег, Финланд, Швед, Дани, Исланд, ОХУ гэсэн найман гишүүн улсаас бүрддэг. ОХУ-аас бусад нь бүгд Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн гишүүн орон байдаг юм. Тиймдээ ч ОХУ-тай Арктикийн зөвлөлийн хүрээнд зарим үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд зогсонги байдалд ороод байжээ. Цаашлаад Зөвлөлийн олон чухал форум хэлэлцүүлгүүд бүхэлдээ цуцлагдах эрсдэлтэй байсан. Хэрвээ иймэрхүү томоохон үйл ажиллагаанууд зогсвол Хойд туйлын бүсийн хүрээлэн буй орчны аюулгүй байдалд маш том эрсдэл учрах тул олон улс энэ чиглэлд анхаарлаа хандуулаад байсан юм. Уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж байгаа энэ үед Хойд туйлын бүсэд дэлхийн дунджаас 4 дахин хурдан дулаарч байгаа. Энэ бүсийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал бол нэн анхаарах ёстой сэдэв юм. Тиймээс Арктикийн зөвлөлийг өнгөрсөн оны 5-р сараас эхэлж хоёр жилийн хугацаанд даргалж байгаа Норвег улс зөвлөлийн үнэт зүйлийг ухамсарлаж, томоохон хамтын ажиллагаануудыг авч үлдэхээр хичээж байна гэсэн байр суурь илэрхийлжээ.
Норвег улс зөвлөлийг даргалж байх хугацаандаа баримталж байгаа гол бодлого бол зөвлөлийг идэвхтэй авч үлдэх гэж дурджээ. 1996 онд байгуулагдсан энэ зөвлөл бол улс төр геополитикийн асуудлыг үл харгалзан хүрээлэн буй орчны асуудалд голчилж анхаардаг зөвлөл юм. Энэ зөвлөлийн нэгэн гишүүний хувьд ОХУ Арктикийн бүсийн нийт газар нутгийн бараг 30 хувийг дангаараа бүрдүүлдэг, мөн энэ бүсэд явагдаж байгаа нийт эдийн засгийн үйл ажиллагааны 70 хувийг дангаараа бүрдүүлдэг улс юм. Тиймээс энэ том гишүүнчлэлтэй ОХУ болоод Барууны орнуудын харилцааг Зөвлөлийн хүрээнд тэгшитгэн авч явах хүндхэн үүргийг хүлээн авлаа гэж Норвеги улсын Арктикийн зөвлөлийн дарга дурдаж байжээ.
ОХУ барууны орнуудтай хойд туйлд хязгаарлагдмал хүрээнд хамтарч ажиллаж байна | ||
Үзсэн: 317 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.