Шууд Chart

Европын Холбоо цагаачдын хуулийн төслийг эцэслэн шийдвэрлэв

2024-05-15 16:00:17

Европын Холбоо он удаан жил яригдаж, шийдэлд хүрч чадалгүй ирсэн цагаач дүрвэгсдийн тухай хуулийг эцэслэн баталжээ. Цагаач дүрвэгчдийн тухай шинэ хууль нэртэй энэ баримт бичигт тусгах таван шинэ журмыг Мягмар гарагт гишүүн орнуудын зүгээс батлан тусгасан байна. Энэ хуулийн дагуу Европын Холбоо руу цагаачлах хүсэлт өгсөн иргэдийн бичиг баримт хүсэлтийг илүү чанга хатуу шалгадаг болж, эрүүл мэнд, аюулгүй байдлын шалгалт явуулж, цагаачлах хүсэлт хүлээн авах хянах процессыг илүү хурдан түргэн болох юм байна.

Цагаач дүрвэгсдийн шинэ хуулийн дагуу гишүүн улс орнууд гурван төрлийн үүрэг хариуцлагаас нэгийг нь сонгож заавал хүлээнэ. Үүнд, тодорхой тооны иргэдийг цагаачаар заавал хүлээн авах, авах боломжгүй буцааж байгаа тохиолдолд цагаач тус бүрийн тоогоор 20 мянган еврогийн торгууль төлөх, эсвэл цагаач хүлээн авч байгаа улсуудад санхүүгийн тусламж үзүүлэх гэсэн гурван сонголт байна. Шинэ хуулийн дагуу жил бүр 30 мянган цагаач дүрвэгчийг хүлээн авна гэж заажээ. Энэ хуулийг гишүүн орнуудын олонх нь хүлээн зөвшөөрч, харин Унгар, Польш улсууд таамагласан ёсоор эсэргүүцлээ гэж Евро ньюс бичжээ. Цагаач дүрвэгсдийн хуульд оруулж байгаа шинэчлэлтүүдийг 2020 онд анх санал болгож байсан байна. Тэр цагаас хойш энэ хоёр улс эрс эсэргүүцэж байгаагаа тууштай илэрхийлсээр байсан юм. Энэ шинэ хууль улс орнуудын цагаач дүрвэгч хүлээж авахыг хүчээр шаардаж байна гэж тэд үзэж байна. Харин Чех, Словак улсууд санал өгөхөөс татгалзжээ. Гэхдээ энэ шинэ хуулийг батлахын тулд олонхын санал хэрэгтэй тул ийнхүү хоёр орны эсэргүүцэлтэй ч эцэслэгдэн батлагдаж байна гэж Холбооны хэвлэлүүд бичжээ.

Анх энэ хууль бүр 2015-2016 оны үед санал нь гарч ирж байсан хууль юм байна. Тухайн үед Европын Холбоо даяар цагаач дүрвэгчид олноор нэмэгдэж, хямралын түвшинд хүрээд байсан тул холбооны хэмжээнд зохицуулга хууль хэрэгтэй гэж гаргаж ирж байжээ. Ингээд 9 жилийн дараа батлагдах гэж байгаа энэ хууль Европын Холбооны одоогийн парламентын шийдвэрлэн гүйцэтгэсэн хамгийн том ажил байлаа гэж Холбооны ажиглагчид үзжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо цагаачдын хуулийн төслийг эцэслэн шийдвэрлэв  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй