Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчилж байна

2024-05-16 13:56:38

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөө өглөө БНХАУ-ын Бээжин хотод газардлаа. Тэрээр өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн турш Хятадад айлчилж, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзаж ярилцах төлөвлөгөөтэй явж байгаа. Түүний хувьд өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгчийн тангаргаа өргөж тав дахь бүрэн эрхийн хугацаа нь эхэлсний дараах анхны хилийн чанад дахь айлчлал нь энэ болж байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Путин өнөө өглөө ерөнхийлөгчийн онгоцоор Бээжинд газардсан. Түүнийг Хятадын төрийн албан тушаалтнууд угтан авсан байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнөөдөр Бээжин хотноо дээд түвшний яриа хэлцэл өрнүүлэх төлөвлөгөөтэй гэж Оросын ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлсэн байна. Тэд мөн хамтарч томоохон баримт бичигт гарын үсэг зурна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Ерөнхийлөгч Путиныг дагаж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, шинэхэн батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, шадар сайдын албаны бүрэлдэхүүн болон төрийн өмчит компаниудын захирлууд Хятадад ирсэн байна. Хоёр улсын тэргүүн уулзалт хийсний дараа эдгээр өргөн бүрэлдэхүүний хүрээнд томоохон уулзалт явуулна гэж мэдээлж байна. Хятадын Шинхуа агентлагийн мэдээнд дурдсанаар ерөнхийлөгч Владимир Путин Орос-Хятад хоёр улсын харилцаа өнөө цагт оргилдоо хүрч өссөн гэж хэлсэн байна. ОХУ БНХАУ-тай эдийн засаг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж мөн онцолсон талаар Шинхуад дурджээ. Ирэх сард Швейцар улсад болох олон улсын бага хуралд БНХАУ оролцохгүй гэдэг шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг нь ОХУ-ын ерөнхийлөгч сайшаасан гэж ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков дурджээ. Швейцарт болох олон улсын бага хурлаар Украинд тусалж, энхийг сахиулах талаар уулзаж хэлэлцэнэ гэж NHK мэдээлсэн байна.

ОХУ өнөөгийн нөхцөлд БНХАУ-ыг төвийг сахисан тэнцвэртэй байдлыг эрхэмлэж байгааг үнэлж байгаа гэж ерөнхийлөгчийн туслах онцолжээ. Путин Ши нар энэ удаагийн уулзалтаар Украины дайны нөхцөл байдлыг ч хэлэлцэнэ гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өглөө.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчилж байна  
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй