Шууд Chart

Испани Улсад кафед удаан хугацаагаар зөөврийн компьютер ашиглан суухыг хориглож байна

2024-05-16 16:27:06

Дижитал номад буюу цахим нүүдэлчин виза дэлхий дахинд эрчийг авч, алсын зайнаас ажиллах хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Алсын зайнаас ажилладаг хүмүүс, тэр дундаа залуучууд кофешопт удаан хугацаагаар сууж, ширээ бөглөдөг гэх гомдол Европын орнуудад гарах болжээ. Цахим нүүдэлчин алсын зайнаас ажиллагчдын ачаар зарим компаниуд маш ашигтай ажиллаж байгаа ч эргээд зарим төрлийн бизнесийн үйл ажиллагаанд саад болж байна гэж үзэх үзэл дэлгэрсэн байна. Испани улсад гэхэд зарим кофешоп үйлчлүүлэгч зөөврийн компьютертойгоо удаан хугацаагаар суухыг хориглож эхэлжээ.

Тодруулбал, Испанийн Валенсия, Сантиаго, Барселона зэрэг хотуудад кофешоп, зарим уушийн газрууд үйлчлүүлэгч удаан хугацаагаар ажлаа хийж суухыг хоригложээ. Иймэрхүү ажлаа хийж суудаг үйлчлүүлэгчид өдөрт ганцхан кофе авчхаад өдөржин сууж ширээ бөглөснөөр яг ид ашиг орлогын цагаар сөрөг нөлөө үзүүлж байна гэж бизнес эрхлэгчид хэлж байна. Дан ганц Испани улс ч биш, Парис, Берлин зэрэг томоохон хотуудад ч кофешоп, уушийн газрууд цахим нүүдэлчдийн эсрэг журам гаргаж эхэлсэн байна. Иймэрхүү төрлийн хүмүүсийг зөөврийн компьютертой орогногчид ч гэж хочлон нэрлэх нэр томьёо газар авчээ. Ерөнхийдөө цахим нүүдэлчин визний ачаар алсын зайнаас ажиллах нь ажил олгогч болоод ажилтанд аль алинд нь ашигтай байгаа нь энэ төрлийн хүмүүс нэмэгдэхэд хүргэж байна. Ажил олгогч ажилчдаа байрлуулж, хоол ундаар хангах нэмэлт зардлуудаа багасгаж чадах бол ажилчид дэлхийн хаанаас ч хүссэн орныхоо компанид алсын зайнаас ажиллаж, унаа, орон байрны мөнгө үрэхгүйгээр ажиллах боломжтой нь цахим нүүдэлчин визийн давуу тал болоод байгаа юм. Ялангуяа Европын хөгжингүй улс орнуудад цахим нүүдэлчин визийг бодлогоор эрчимтэй танилцуулж, хүмүүс ч ихээхэн зорьж байна. Испани улс гэхэд цахим нүүдэлчдийн ажиллах хүсэлтэй номер нэг улсаар шалгарсан байна. Гэтэл энэ нь эргээд Испанийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд төвөг болж байгаа нь сүүлийн үед илт анзаарагдах болсныг Европын хэвлэлүүд онцолж байна. Кофешопт хамгийн хямд төсөр эспрессо кофе нэг аягыг авчхаад бүтэн өдөр 8 цаг суучихдаг хүмүүс байгаа нь алдагдалтай ажиллах гол хүчин зүйл болж байна гэж үзэж байна. Зарим кофе шопт залгуурын дэргэд суухыг хориглох, утасгүй интернэтээ унтраах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Зарим нь өглөөний 8 цагаас шөнийн 12 цаг хүртэл алсын зайнаас ажиллахыг хориглоно гэдэг бичиг ч байрлуулжээ. Харин зарим нь арай зөөлөн аргаар үзэхийг зорьж, зөөврийн компьютертой үйлчлүүлэгчийг удаан цагаар суухыг зөвшөөрч, харин шинэ үйлчлүүлэгч орж ирж суудал хэрэгтэй болох үед заавал ширээг чөлөөлж өгөхийг хүсэх зэрэг арга хэмжээг авсаар байна. Зарим бизнес эрхлэгчид кофе шопт сууж ажлаа хийх нь нэг төрлийн залуусын дундах тренд, үзэмж болж байгаа нь хамгийн шүүмжлүүштэй хэрэг гэдгийг онцолж, ажил хэрэгч харагдахын тулд бусад хүнд ч, бизнес эрхлэгчдэд ч хохирол учруулахгүй байхыг хүсэх болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Испани Улсад кафед удаан хугацаагаар зөөврийн компьютер ашиглан суухыг хориглож байна  
Үзсэн: 577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй