Шууд Chart

2014 онд шинээр зохиосон сурах бичгийн онцлог

2014-08-27 16:09:19

Засгийн газрын холбогдох тушаалын дагуу төрөөс бага ангийн сурагчдын 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, сургуулийн номын сангаар дамжуулан олгож байгаа. 2014-2015 оны хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил дуусах шатандаа ороод байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 95 нэрийн 2.148.661 ширхэг сурах бичиг, 65 нэрийн 100 431 ширхэг багшийн ном тус тус хэвлэх ажээ.
 
БШУЯ-наас 2014 онд шинээр зохиосон сурах бичгийн онцлогийг дараах байдлаар тодорхойлж байна.
 
- Бага, дунд боловсролын шинэчлэлийн хүрээнд шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичгийг багшийн номын хамт шинээр зохиож, туршин хэвлэн нийлүүлж байгаа. 
- Хичээл бүрийг багшийн номтой болгох ажлыг энэ жил үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. Энэ жил шинээр зохиогдсон 7, 12 дугаар ангийн сурах бичиг бүрийг багшийн номтой цогц байдлаар боловсруулж, хэвлэн нийлүүллээ. Энэ нь багшийн ачааллыг хөнгөрүүлж, хүүхдэдтэй ажиллах цаг нэмэгдэн, сургалтын чанарыг сайжруулах ач холбогдолтой. 
- Хөгжлийн бэрхшээтэй хүүхдийн боловсролын чанарт анхаарч, оюуны хөгжлийн бэрхшээтэй хүүхдийн болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 3 дугаар ангийн монгол хэл, 2 дугаар ангийн математикийн сурах бичгийг шинээр зохиож хэвлэлээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтыг чанартай зохион байгуулах боломж бүрдэж байна. 
- Казак хэлээр сургалт явуулдаг Баян-Өлгий аймаг болон Ховд аймгийн Ховд сумын сургуулиудын бага ангийн сурах бичгийг 3 жилийн өмнөөс эхлэн казак хэл рүү орчуулан хэрэглэж байна. Түүнчлэн Эх хэл /казак хэл/-ний сурах бичгийг зохиож, хэвлэн хэрэглэж байна. 
- Шинээр зохиосон сурах бичгийн агуулгыг сургалтын хөтөлбөртэй нийцтэй, зөв бичих зүйн алдаагүй, ойлгомжтой байх, сурах бичгийн зохиомжийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх, хүүхэд бүрийн хөгжих боломжийг бүрдүүлсэн сонирхолтой арга зүй, технологийн дагуу зохиох, номын зохион бүтээлт, өнгө үзэмж сайтай байхад онцгой анхаарсан. 
- Сурах бичгийн эдэлгээ, хэрэглээ даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд чанарын шаардлага хангасан цаасаар хэвлэн, оёж, наах технологийг нэвтрүүлээд байна. 
- Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн, ялангуяа нэгдүгээр ангийн сурагчдын үүрэх ачааг хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхад анхаарч ажилласнаар нэгдүгээр ангийн нэг сурах бичгийн дундаж жин 140 грамм, нийт сурах бичгийн жин 1,5 кг-аас хэтрэхгүй байна. 
 
Бага ангийн бүх сурах бичгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны болон багшийн хөгжлийн цахим хуудсанд байршуулснаар сурагч, эцэг эх болон бусад хэрэглэгчид сурах бичгийг интернетээр ашиглах боломжийг бүрдүүлээд байна. Цаашид дунд, ахлах ангийн сурах бичгийг электрон хэлбэрт оруулах ажлыг зохион байгуулна.  2014 онд шинээр хэвлэж буй ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг Монгол улсын үндэсний үйлдвэрлэгч "Соёмбо принтинг" ХХК, "Бит пресс" ХХК, "Мөнхийн-Үсэг" ХХК, "Адмон принт" ХХК, "Сод пресс" ХХК, "Би Си Ай" ХХК, "Тэнгэрлэг-Үсэг" ХХК, "Сэлэнгэ пресс" ХХК, "Өнгөт хэвлэл" ХХК, "Таван богд" ХХК, "Экимто" ХХК зэрэг хэвлэлийн үйлдвэрүүд хэвлэн нийлүүлж байгаа юм. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

2014 онд шинээр зохиосон сурах бичгийн онцлог  
Үзсэн: 3744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй