Ирэх зургаадугаар сарын 6-9-ний хооронд Европын холбооны гишүүн 27 улсын сонгогчид дараагийн таван жилд засаглах Европын парламентын 720 депутатыг сонгох сонгууль болно.
Дэлхийн хамгийн том ардчилсан үйл явцын нэг гэж тооцогдож байгаа энэ сонгуульд 400 сая гаруй сонгогч оролцох учиртай байна.
Үүний зэрэгцээ Европын холбооны дэд бүтцүүд рүү чиглэсэн хакерын халдлагын тоо энэ оны эхний улиралд өмнөх улирлынхаас бараг хоёр дахин нэмэгдсэн гэж Европын холбооны Кибер аюулгүй байдлын агентлаг мэдээлжээ.
Сүүлийн саруудад эрс олширсон ийм халдлагын дийлэнх хувь нь ирэх сард болох гэж Европын парламентын сонгуультай холбоотой интернэт сайтууд, мөн байгууллагууд руу чиглэснийг албаныхан мөн мэдэгджээ.
Энэ талаар мэдээлэл хийсэн Европын холбооны Кибер аюулгүй байдлын агентлагийн тэргүүн Юхан Лепасаар зөвхөн Европын холбоо руу төдийгүй, удахгүй янз бүрийн түвшний сонгуулиа хийх энэ холбооны гишүүн орнууд ч мөн энэ төрлийн халдлагад өртөх болсныг дурджээ.
АНУ, Их Британи зэрэг мөд сонгууль хийх улс орнууд улмаар болзошгүй кибер халдлагуудын эсрэг хяналтаа чангатгаж байгааг мэдээлж байна.
Мөнгө, ашиг олох зорилго агуулаагүй, улстөрийн сэдэлтэй, Европарламентын сонгуулийн дүнд нөлөөлөх санаархал агуулсан, тэр дундаа Оростой холбоотой бүлгүүдээс голдуу ийм халдлагууд үйлдэгдэж байна гэж европын холбогдох албаны тэргүүн нь ярьжээ.
Мөн сонгогчдыг төөрөгдүүлэх зорилготой хиймэл оюун ухаан ашигласан технологи байгааг ихээр ашиглагдаж байгааг шинжээчид анхааруулсан байна.
Ингэхдээ хуурамч мэдээ мэдээлэлд өргөн ашиглагддаг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн, бодит байдлаас амар ялгагдахгүй зураг, дуу, дүрс бичлэгүүд ихээр ашиглаж байгааг онцолжээ.
1979 онд болсон Европын парламентын анхны сонгуулиас хойших 10 дахь энэ сонгууль амьжиргааны өртөг ихээхэн өндөрссөн, фермерүүдийн санаа сэтгэгдэл нэлээд унасан, дээрээс нь Газын зурвас болон Украины дайн сонгогчдод амар тайван байх нөхцөлд олгохгүй байгаа зэрэг олон хүчин зүйлийн нөлөөн дор болж байгааг тоймчид онцолж байна.
Тэр дундаа, одоогийн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Европын холбооны хамгийн нөлөө бүхий том албан тушаалтан хэвээр үлдэх эсэх нь анхаарал татсан асуултын нэг болж байгаа юм.
Сонгуулийн дүн санал авах байрууд хаагдсанаас хойш зургаадугаар сарын 9-ний оройдоо гарах юм байна.
2024 онд Европын холбооны дэд бүтцэд чиглэсэн хакерын халдлага 2 дахин нэмэгджээ | ||
Үзсэн: 434 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.