Шууд Chart

Мексик улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулжээ

2024-06-03 14:04:13

Мексик улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болсон.

Сонгуулийн хариу өнөө өглөөний байдлаар эцэслэн гарсан байна.

Эрх баригч намаас нэр дэвшсэн Клаудия Шейнбаум ялалт байгуулж, энэ улсын анхын эмэгтэй Ерөнхийлөгч боллоо. Тэрбээр 56 хувийн саналаар ялалт байгуулсан байна.

Эрэгтэйчүүд эрх мэдлээрээ давамгайлсан энэ улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсноор томоохон өөрчлөлт гарна гэж "Ройтерс" агентлаг бичжээ.

Одоо сонгогдож байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ирэх 10 дугаар сарын 1-нд эхэлнэ. Энэ улс нийт 6 жилийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай юм байна.

Мексик улсын Ерөнхийлөгчийн сонгууль олон улсын анхаарлын төвд онцлог байдлаар ороод байгаа. Өчигдөр санал хураалт дуусахад Мексикийн Пуэбла мужийн Сонгуулийн хороонд халдлага гарч, хоёр хүн амь эрсэдсэн хэрэг гарсан.

Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө олон халдлага гарч, сонгуульд нэр дэвших боломжтой 38 хүний аминд хүрсэн байна.

Орчин цагийн Мексикийн түүхэнд анх удаа ийм хэрцгий улс төрийн хүчирхийлэл болж байна гэж олон улс даяар шуугиж байгаа юм.

Латин Америкийн орнуудад дээрмийн гэмт бүлэглэлүүд маш их аюул тарьсаар ирсэн. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн дээрмийн гэмт бүлэглэлүүд заналхийлж, нэр дэвшигч улс төрчдийг ийнхүү олноор нь бүрэлгэсэн байна.

Шинээр сонгогдож байгаа Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум улсын ардчилалд заналхийлсэн эдгээр гэмт бүлэглэлтэй тэмцэх томоохон сорилтыг хүлээн авч байна гэж олон улсын агентлагууд бичжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексик улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулжээ   
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй