Шууд Chart

Энэ долоо хоногт АНУ-ын баруун хэсгээр хэт халах төлөвтэй байна

2024-06-06 14:26:41

АНУ-ын баруун эргийн нутгаар энэ долоо хоногт цельсийн 40 градус хүрч хэт өндөр халах төлөвтэй байна.

Хэт халууны сөрөг нөлөөнд ойролцоогоор 34 сая хүн өртөнө гэсэн тооцоо гарсан байна.

Тэр дундаа баруун эргийн Калифорни, Невада, Юта, Аризона мужид өнөөдөр буюу Пүрэв гарагт оргил цэгтээ хүрч хална. Долоо хоногийн төгсгөл гэхэд хэт халуун температур АНУ-ын баруун хойд эрэгт хүрнэ гэсэн урьдчилсан мэдээлэл байна.

Өнгөрсөн жил АНУ-ын баруун өмнөд нутгаар хэт халж, хэдэн арван хүн амиа алдсан. Энэ жил ч мөн хэт халалт хүний эрүүл мэндэд заналхийлэх эрсдэл өндөр байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Мексикээс Техас мужийн хилээр дамжин АНУ руу нэвтрэх гэж байсан дөрвөн цагаач хэт халууны улмаас бие нь муудаж нас баржээ. Иймэрхүү хэт халуунтай холбоотой эрүүл мэндийн ноцтой асуудал цаашид олон тохиолдох эрсдэлтэй байна. Калифорни муж даяар Сакраментогоос Бэйкерсфилд хүртэл цельсийн 42 градус хүрч халах төлөвтэй байна.

Калифорни мужийн нийслэл Сакраменто хотод өнгөрөгч Мягмар гарагт 38 градус давж халсан. Өнгөрсөн жил энэ хотод зургаадугаар сарын сүүлч хүртэл ийм халуун тохиогоогүй байсан юм.

Аризона мужид гэхэд Лас Вегасаас Лэйк Хавасү хот хүртэл мөн хэт халууны анхааруулга зарлажээ.

Өнгөрсөн жил хамгийн өндөр халсан Техас мужийн өмнөд хэсгээр Мягмар гарагт 47.2 градус хүрч халсан байна. Өнөөдөр буюу Пүрэв гарагт хамгийн аагим халуун болно гэж анхааруулж байна.

Энэ долоо хоногийн цаг агаар энгийн дунджаас 5-11 градусаар өндөр байна гэж цаг уурынхан анхааруулсан байна.

Эдгээр муж хотын иргэдийг хэт халуун өдрүүдэд шингэн зүйл сайн уух, агаажуулагчтай дотор газар байх, наранд гарахгүй байх, нимгэн хөнгөн хувцаслахыг зөвлөсөөр байна.

Ялангуяа гадаа ажилладаг хүмүүс, өндөр настнууд, хүүхдүүд хэт халуунд маш эмзэг, өртөмхий байдаг тул тэдэнд анхаарал хандуулахыг Калифорни мужийн Хүрээлэн буй орчны хамгаалалтын агентлаг уриалж байна.

Хэт халуунаас үүдэлтэй АНУ-ын баруун эргийн нутгуудаар ой хээрийн түймэр дэгдэх эрсдэлтэй байгаа тул онцгой байдлынхан бэлтгэлээ базааж байна.

Эргийн орчмоор хэт халуунаас зугтах гэж далайн эргүүдээр очихгүй байхыг мөн анхаарууллаа.

Далайн түрлэг энэ долоо хоногт эрс нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд живэх эрсдэлтэй гэж анхааруулж байна.

Энэ долоо хоногт АНУ-ын баруун нутгаар ингэж халж байгаа шалтгаан “халуун бүрхүүл” гэх цаг уурын үзэгдлээс үүдэлтэй гэж цаг уур орчны шинжээчид тайлбарлаж байна.

Агаарын хүчтэй даралт халуун агаарыг газар луу түлхэж, нам дор түвшинд шахсаны улмаас газрын гадарга их хэмжээгээр халж буй юм байна. Энэ үзэгдэл зарим газарт харин их хэмжээний бороо, шуурга дагуулах эрсдэлтэй байна.

Өнгөрсөн жилийн зургаадугаар сард “халуун бүрхүүл” цаг уурын үзэгдлийн улмаас АНУ-ын Техас, Луисиана мужид 12 хүн нас барж, хэдэн зуун хүн наршиж эмнэлэгт хүргэгдэж байжээ.

"Халуун бүрхүүл" нь маш ховор тохиолддог байгалийн үзэгдэл боловч хүний нөлөөтэй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас "халуун бүрхүүл"-ийн үзэгдэх давтамж улам ойртож, олширч байна гэж эрдэмтэд тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ долоо хоногт АНУ-ын баруун хэсгээр хэт халах төлөвтэй байна   
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй