Шууд Chart

Сингапур улс хотжилт сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай судалгаа хийнэ

2024-06-06 14:43:02

Сингапур улс ирэх гурван жилийн хугацаанд хотжилт, ногоон байгууламж, ногоон орчин хүн ардын сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай судалгааны ажилд 1 сая сингапур долларын хөрөнгө оруулахаар болжээ.

Энэ судалгааны үр дүнгээс хамаарч иргэдэд ээлтэй, амьдрахад таатай хотыг төлөвлөнө гэж Засгийн газар нь мэдээлж байна.

Сингапур нь маш жижиг газар нутагтай, хүн ам, засаг захиргаа, эдийн засаг нь нэг арал дээр голчлон төвлөрсөн, нэг том метраполитан хотоос тогтсон улс юм. Тиймдээ ч хотжилт, хот төлөвлөлт гэдэг нь энэ улсын бодлогын голлох чиглэл гэж хэлж болно.

Сингапур улсын Шинжлэх ухаан, технологи, судалгааны агентлаг одоогоор хотжилт хүний бие махбодод хэрхэн нөлөөлдөг, ногоон орчин хүний сэтгэцийн эрүүл мэндэд ямар ашиг тустай талаар судалгаа явуулж байгаа аж.

Энэ судалгааг ирэх гурван жилд илүү өргөжүүлж, хотжилт хүний сэтгэцийн эрүүл мэндэд яаж нөлөөлдөг талаар судалгааг өргөн хүрээтэйгээр зохион байгуулахын тулд Засгийн газар нь хөрөнгө оруулах шийдвэр гаргасан байна.

Судалгааны хүрээнд хот төлөвлөлт, байгууламжууд, хүн амын нягтшил, хүний зан төлөв, сэтгэцийн эрүүл мэндийн уялдаа холбоог тогтооно гэж Сингапурын Шадар сайд дурдсан байна.

Түүнчлэн судалгааны үр дүнд аж үйлдвэржсэн том хотын үйлдвэр, үйлчилгээний газруудын зохист байрлал, газар, зай талбай ашиглалт зэргийг сайжруулах зорилготой гэсэн байна.

Судалгааг Сингапурын хот дахин төлөвлөлтийн газар, барилга хөгжлийн албаны мэргэжилтнүүд хийж гүйцэтгэх юм байна.

Сингапурын Шадар сайд сайн хот цаг ямагт хөгжиж, шинэ барилга байгууламжаар тэлж байх ёстой гэж үздэгээ дурджээ. Тэр дундаа сайтар төлөвлөсөн барилга байгууламж, зам, боомт, нисэх буудлууд байгуулж байх нь хотыг дотоодод болон гадаадтай холбож, хөгжлийн гүүр болдог гэж үздэг байна.

Мөн хотын иргэдийн нийгмийн харилцааг дэмжихийн тулд олныг уулзуулсан, ойртуулсан, нийгэмлэг төвтэй барилга байгууламжууд барих нь зөв гэж үзсэн байна.

Том хот цаг ямагт хүмүүсийн эрч хүчтэй амьдрал, хэв маягаар дүүрэн байх ёстой гэж тэрбээр дурдсан байна. Мөн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн хотын хүмүүсийн тааламжтай амьдралд зайлшгүй шаардлагатай гэж дурджээ.

Сингапур улс хэдийгээр маш жижиг газар нутагтай ч нийслэл хот нь байрладаг арлынхаа 40 хувийг ногоон байгууламжаар цэцэрлэгжүүлж чадсан байдаг.

Ногоон цэцэрлэгт хүрээлэн, зай талбай, өчүүхэн жижиг ч болтугай ногоон төгөл байх нь иргэдийн эрүүл мэндэд тустай гэж орон нутгийн хэвлэлүүд нь бичиж байна.

Ногоон байгууламжаас гадна олон нийтийн газрууд хүмүүс харилцаа холбоо үүсгэж болохоор байх нь чухал гэж бичсэн байна. 21-р зуун гарсаар технологийн хөгжил, мэдээллийн хэт их урсгалаас үүдэлтэй дэлхийн хүн ам сэтгэцийн эрүүл мэндийн хямралд ихээр өртөх болсон. Тиймээс хүмүүсийг дэлгэцээс холдуулж, амьд харилцааг бий болгох гол нөхцөл нь хотын дэд бүтэц, зай талбай, зугаалж амрах цэцэрлэгт хүрээлэнгүүд мөн гэж Сингапур Тунайт телевиз мэдээлжээ.

Ингэж хотын ногоон дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд улсын эрх баригчид Засгийн газар, хууль тогтоогчид ногоон хот, хүний сэтгэцийн эрүүл мэндийн уялдаа холбоог ойлгож, хууль тогтоох түвшинд томоохон шийдвэр гаргаж, гүйцэлдүүлэх явдал юм гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сингапур улс хотжилт сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай судалгаа хийнэ  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй