Шууд Chart

ХБНГУ-д ажилгүйдлийн түвшин 17 сар дараалж өсөв

2024-06-06 15:16:56

Цар тахлын жилүүдээс хойш Герман улсад ажилгүйдэл нэмэгдэх болсон. Өнгөрөгч тавдугаар сард Германд ажилгүй хүний тоо 2 сая 700 мянгаар нэмэгджээ.

Дөрөвдүгээр сард ажилгүй хүний тоо 10 мянгаар нэмэгдэнэ гэж хүлээж байснаас өсөж, 25 мянгаар өссөн дүн болсон байна.

Улмаар Герман улсад 17 сар дараалж ажилгүйдлийн түвшин өсөж байна. Мөн ажилгүйдлийн түвшин сүүлийн гурван жил дэх өмнөх дээд рекордыг эвдэхэд ойрхон байна гэж судалгааны байгууллагын тайланд дурджээ.

Сүүлийн зургаан сарын хугацаанд Германы ажилгүйдлийн түвшин 5.9 хувиас буурахгүй байна. Одоогоос 20 орчим жилийн өмнө буюу 2005 онд Германы ажилгүйдлийн түвшин Европын орнууд дундаа хамгийн бага байсан бол цар тахлын дараагаас ажилгүй хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж эхэлсэн байна.

Ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдэхэд инфляцын түвшин өссөн, амьжиргааны өртөг нэмэгдсэн, эрчим хүчний үнэ хөөрөгдсөн зэрэг шалтгаануудыг нэрлэж байна.

Мөн шинэ тутам өсөн нэмэгдэж байгаа цагийн ажил, бага цалинтай ажлын байрнуудын улмаас ажилгүйдэл улам нэмэгдэж байна гэж үзэж байна.

Хүмүүсийн ажил эрхлэлт буурч байгаагийн улмаас барилгын салбар бүтээмжийн хямралд өртөх эрсдэлтэй хамгийн гол салбарт тооцогдож байна.

Цар тахлын жилүүдэд олон барилгын ажлууд зогсонги байдалд орсон, улмаас цар тахлын дараа ч хүмүүс барилгын салбарыг зорьж ажиллахгүй байна гэсэн судалгаа гарчээ.

Түүнчлэн шинэ Барилгын хуулийн дагуу шинээр баригдах барилга байгууламж бүр байгальд ээлтэй ногоон эрчим хүчний технологиор тоноглогдсон байх ёстой болсон нь энэ төрлийн технологийг суурилуулах мэргэжлийн ажилчны цалингийн хүлээлтийг нэмэгдүүлж, барилгын өртөг, урсгал зардлыг нэмэгдүүлж эхэлжээ.

Улмаар барилгын компаниуд төдийлөн ажилчин шинээр авах боломжгүй болж эхэлсэн. Мөн барилгын бизнес унаж байгаагаас шинээр ажилчин авах эрэлт улам буурсаар байна.

Барилгын салбараас гадна банкны салбар ажлын байрны тоогоо ирэх хоёр жилд 3500-аар танана гэж мэдээлж байна.

Химийн үйлдвэрүүд мөн л үйлдвэрийн урсгал зардлаа багасгах үүднээс зарим салбар, дамжлагаа хаах шийдвэр гаргасаар байна.

Европ даяар химийн үйлдвэрүүд 2600 ажлын байр танах төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ-д ажилгүйдлийн түвшин 17 сар дараалж өсөв   
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй