Шууд Chart

"Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" нээлтээ хийлээ

2014-08-28 14:46:18

“Энэрэл нигүүсэл оюун билгийн  төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвданы санаачилгаар бүтээн босгосон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг"-ийн барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр болов.

Энэхүү эмнэлгийн барилга нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн яамны дэмжлэгээр болон  бусад сайн санаат хүмүүсийн хандив, тусламжаар баригдаж ашиглалтад орж байна.
 
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд оролцож үг хэлсэн бөгөөд тус арга хэмжээнд УИХ-ын дэд дарга М.Энхболд, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар болон хандив тусламж үзүүлсэн дотоод, гадаадын мянга мянган нигүүлсэнгүй  үйлстнүүдийн төлөөлөл  оролцлоо.
 
"Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг"-ийн барилга нь үйлчлэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн тав тухтай, өвчтөний аюулгүй байдлыг бүрэн  хангасан орчин, цахилгаан болон агааржуулалтын системтэй байхаар төлөвлөгджээ. Энэхүү барилга нь  бүхэлдээ дохиолол, камер, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдвэрлэсэн бөгөөд давхар бүртээ үйлчлүүлэгчид зориулсан хүлээлгийн, уулзалтын талбай, өрөөнүүдтэйгээс гадна тасаг бүрийн онцлогт тохирсон тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
 
“Энэрэл нигүүсэл оюун билгийн  төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдан нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлж олон мянган бяцхан үрсийг эрүүл энх болгохын төлөө бүхий л хүчин чадлаа зориулан буяны үйлсэд оролцсон сайн санаат хүмүүсийн өглөг хандиваас бүтсэн энэхүү эмнэлэг ашиглалтад орж байгаад туйлын их баярлаж буйгаа онцлов. Мөн тэрээр "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг"-ийн барилга нь  хүүхдийн зүрхний ангиографи /катетер/-ийн орчин үеийн лабораторитой. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн “Siemens” брендийн хоёр туйлт иж бүрдэл тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд 2012 оны тавдугаар сарын есөнд анх барилгын суурийг тавьж ийнхүү хоёр жилийн дотор хүүхдийн эмнэлэгээ ашиглалтад оруулж байна. Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт гүнээ талархаж байна. Мөн  Тайвань, Сингапур, БНХАУ, Япон, АНУ-аас өглөг хандив ирүүлсэн, энэхүү үйлсэд оролцсон бүх буянтай үйлстэн бүхэнд талархаж арван цагаан буян арван зүгт дэлгэрэх болтугай хэмээн ерөөл өргөв.
 
Хүүхдийн эмнэлэг нь гурав буюу зургаан давхар бүхий хоёр үндсэн байгууламжаас бүрджээ. Зургаан давхар бүхий эмнэлгийн тусламж үзүүлэх барилга нь  25 ортой нярайн эмчилгээний тасаг, 50 ортой цусны эмгэг, хавдар судлалын тасаг, нярайн болон хавдрын мэс заслын хэсэг, оношлогоо эмчилгээний хэсэг, хөнгөвчлөх эмчилгээний хэсгээс бүрдэж байна. Харин гурван давхар эмнэлгийн барилгыг  сургалт, судалгаа, зочин, эмч, мэргэжилтнүүдийн байр байхаар тохижуулжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

"Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" нээлтээ хийлээ  
Үзсэн: 1766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй