Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст нэн даруй гал зогсоох тогтоол батлав

2024-06-13 12:13:47

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст гал зогсоох тогтоол баталлаа.

Тогтоолыг Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 улсын 14 нь дэмжиж, ОХУ ганцаар түдгэлзсэнээр эсрэг саналгүй батлагдсан байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-ноос хойш буюу Израил-Хамас-ын хооронд дайн хямрал үргэлжилж байгаа найман сарын туршид Аюулгүйн зөвлөл дөрөв дэх тогтоолоо баталж байгаа нь энэ боловч нэн даруй гал зогсоох агуулгатай анхных нь гэдгээрээ олон улсад гол найдлага төрүүлж байна.

Гэхдээ АНУ-ын санаачилж батлуулсан энэ тогтоолд гал зогсоох саналыг Израил улс дэмжсэн гэж мэдэгдсэн боловч Израилын талаас Хамасыг үндсээр нь дарж устгах байр суурь нь өөрчлөгдөөгүй гэдэг байр сууриа илэрхийлсээр буй юм байна.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тухайлбал, Ерөнхийлөгч Жо Байден гал зогсоох төлөвлөгөөгөө зөвхөн хэсэгчлэн танилцуулсан, хэрэг дээрээ “Хамас” бүлэглэлийн цэрэг зэвсгийн болоод Газын зурваст засаглах хүч нөөцийг бүрэн дарж устгахаас нааш тогтвортой урт хугацаанд гал зогсоох тухай ямар ч яриа байхгүй гэж мэдэгджээ.

Энэ зуур палестинчууд болон Хамас бүлэг Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг сайшаасан, Хамас бүлэг зуучлагчидтай хамтран ажиллаж, Израилтай шууд бус хэлэлцээнд ороход бэлэн гэдгээ мэдэгдсэнийг хэвлэлүүд уламжилж байна.

Израил-Хамасын дайн эхэлснээс хойших 8 сарын хугацаанд 8 дахь удаагаа Ойрх Дорнодод ажиллаж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ зуур гал зогсоож, дайны дараах Газын зурвасын талаарх төлөвлөгөөг зөвшөөрч хэрэгжүүлэхийг Израилын эрх баригчдад уриалж ятгах хүчин чармайлтаа үргэлжлүүлж байна.

Тэрбээр мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолыг дагаж биелүүлэхэд Хамасыг шахаж зөвшөөрүүлэхийг бүс нутгийн орнуудад уриалжээ.

Аюулгүйн зөвлөлийн баталсан тогтоолоор, өнгөрөгч тавдугаар сарын 31-нд Ерөнхийлөгч Жо Байдений дэвшүүлсэн гурван шатлалт энхийн төлөвлөгөөг гол иш үндэс болгосон. Энэ дагуу эхний ээлжинд 6 сар гал зогсоож, Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн Израилын шорон дахь палестин хоригдлуудаар хэсэгчлэн солилцох, дараа нь барьцааны хүмүүсийг бүрэн чөлөөлж, байлдааны ажиллагааг бүрэн зогсоож, Газын зурвасаас Израилын цэргийг гаргах заалттай. Хамгийн сүүлийн шатанд Израилын армийн ажиллагааны явцад сүйдсэн Газын зурваст сэргээн босголт өрнүүлэх олон улсын төлөвлөгөө боловсруулж бэлэн болгохоор тусгасан байна.

Аюулгүйн зөвлөлийн гал зогсоох тухай тогтоолыг Европын холбоо сайшаан хүлээж авч байгаагаа мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст нэн даруй гал зогсоох тогтоол батлав   
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй