Төвийг сахих бодлоготой Швейцар улс зохион байгуулсан Украинд энх тайван тогтоох асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтаас гурван зүйлийг онцгойлон тусгасан төгсгөлийн баримт бичгийг батлан гаргалаа.
Цөмийн зэвсгийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хоригдол солилцох гэсэн гурван чиглэлд арга хэмжээ авах тухай үндсэн гурван зүйлтэй төгсгөлийн баримт бичгийг 80 орчим улс дэмжсэн байна.
Энэхүү уулзалтад дайны нөгөө тал болох Оросыг уриагүй, Өрнөдийн болон хөгжиж байгаа 100 орчим улсын төлөөлөгч оролцлоо.
Украины Запорожье атомын цахилгаан станц болон бусад цөмийн байгууламжийг Киевийн хяналтад буцаах, Украины эсрэг цөмийн зэвсэг ашиглахыг хүлээн зөвшөөрч болохгүй, Украины ХАА, бүтээгдэхүүнийг гуравдагч улсуудад аюулгүй нийлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг зэвсэг болгон ашиглах ёсгүй, Олзны бүх цэргийг солилцох, мөн хууль бусаар шилжүүлсэн иргэд, хүүхдүүдийг Украин руу буцаахыг энэхүү төгсгөлийн баримт бичгээр дамжуулан уриалжээ.
Мөн Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Оростой хийж байгаа дайныг зогсоох аливаа энхийн гэрээний үндсэн заалт болгохыг уриалсан энэхүү төгсгөлийн баримт бичгийг батлахад Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Бразил, Энэтхэг зэрэг 10 орчим улс түдгэлзсэн байна.
Энэхүү дээд уулзалтад оролцсон дэлхийн өмнөд бүсийн орнууд Оросын оролцоог хангах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ.
Мөн уулзалтыг хүлээн авсан Швейцар улс Украинд энх тайван тогтоох эцсийн шийдэл дайнд оролцогч хоёр талын оролцоогоор шийдэгдэх ёстойг онцлон тэмдэглэлээ.
Ажиглагчид Орос болон түүний хязгааргүй түнш Хятад улсын оролцоогүйгээр Украинд энх тайван тогтохгүй гэдгийг тэмдэглэж байгаа. Орос энэ уулзалтад уригдаагүй, гэхдээ уулзалтын өмнөхөн энх тайвны хэлэлцээнд орох нөхцөлөө танилцуулсан.
Орос 2022 онд дангаараа шийдэж, өөртөө нэгтгэж авсан дөрвөн мужаас Украины цэргийг бүрэн гаргасан нөхцөлд энхийн хэлэлцээний ширээнд сууна гэсэн байр суурьтай байна.
Украины энх тайвны асуудлаарх дээд уулзалтын төгсгөлийн баримт бичгийг 80 орчим улс дэмжжээ | ||
Үзсэн: 527 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.