Дэлхийн хэмжээнд 120 сая гаруй хүн аргагүйн эрхэнд орон гэр, нутаг орноосоо дайжиж дүрвэсэн байдалтай байна.
Сүүлийн үед дэлхий дахинд улам бүр олширч буй дайн хямрал, зэвсэгт мөргөлдөөний уршгаар энэ тоо түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөн баримтыг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагаас танилцууллаа.
Дайн, хүчирхийлэл, мөрдлөг мөшгөлтөөс зугтаж дүрвэсэн хүний тоо дэлхийн хэмжээнд ийнхүү дараалан 12 дахь жилээ, харин 10 жилийн өмнөхөөс 2 дахин өссөн дүн болж байгааг энэ агентлаг дурдлаа.
Энэ жилийн тухайд, дэлхийд хүн амын тоогоороо дээгүүрт ордог Япон улсын нийт хүн амтай тэнцэх хэмжээнд дүрвэгсдийн тоо дөхөж очсоныг энд онцолсон байна.
Судан болон Газын зурваст шинэ тутам дэгдсэн хямрал мөргөлдөөнүүд энэ тоон өсөлтөд гол нөлөөлж ”дэлхий дахинд цочирдом яллах дүгнэлт” болж байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн тэргүүн Филиппо Гранди мэдээллээ.
Тэрбээр “Өнөөдөр дүрвэгчийн тоо 120 саяд хүрээд байна. Өнгөрсөн онд бид 114 сая байна гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр энэ тоо 6 сая гаруйгаар нэмэгдсэн гэсэн үг. Одоогоор зарим нь нутаг орон руугаа буцсан гэх боловч тэд бол дотооддоо дүрвэсэн цөөнх хэсэг. Судан, Газын зурвас зэрэг өөр олон газарт дүрвэгсдийн тоо нэмэгдсээр байна. Энэ улс орнуудын дийлэнх нь бага, дунд орлоготой улсууд. Тиймээс энэ асуудлыг дан чинээлэг орнуудад тулгарч байгаа мэтээр ойлгодгоо болих ёстой” гэж ярьжээ.
Дүрвэгсэд болон бусад төрлийн шилжилт хөдөлгөөнд өртөгсөд бүгдээрээ чинээлэг орнууд руу гардаг гэх ойлголт буруу, тэдний дийлэнх олонх ойр хөрш, бага, дунд орлоготой улсууд руу гардаг гэдгийг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн тэргүүн онцлоод, Засгийн газруудыг асуудлыг улстөржүүлж, хил хязгаараа хаах зэрэг алхмыг хийх гэж яарахаасаа урьтаж асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэхэд уриалжээ.
Мөн олон улсын геополитикт өөрчлөлт гарахгүй бол харамсалтай нь, энэ тоо цаашид ч өссөөр байх төлөвийг Ф.Гранди мэдэгдэж, дорвитой, урт хугацааны шийдэл гарц олохын төлөө хамтарч ажиллахыг улс орнуудад уриалсан байна.
Өнгөрсөн оны 10 сараас эхэлсэн Израил-Хамасын дайны уршгаар 1.7 сая шахам хүн буюу Газын зурвасын хүн амын 75 хувь нь дүрвэгч болсныг НҮБ-ын энэ илтгэлд дурджээ.
НҮБ: Дүрвэгчийн тоо түүхэнд байгаагүйгээр ихсэв | ||
Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.